Д.Превц цанын харайлтын дээд амжилтыг эвджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-04-01 11:29:32

ЛЮБЛЯНА, 2025 оны дөрөвдүгээр сарын 1 /CNN/. Словенийн тамирчин Домен Превц ням гарагт 254.5 м хол харайснаар трамплин харайлтын дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоожээ. Словенид болсон цанын харайлтын дэлхийн цомын тэмцээний хоёрдугаар шатанд тэрбээр хоёр бүтэн, нэг хагас хөл бөмбөгийн талбайтай тэнцэх зайд харайсан байна. 


Ингэснээр Австрийн харайгч Стефан Крафтын 2017 оны гуравдугаар сард тогтоосон 253.5 м-ийн дээд амжилтыг нэг метрээр ахиулсан боловч алтан медаль хүртэж чадаагүй байна. Тодруулбал, түүний нутаг нэгт тамирчин Анже Ланишект нийлбэр дүнгээр 482.1 оноо авснаар энэ улиралд хоёр дахь удаагаа түрүүлсэн бол Д.Превц 475 оноо авчээ.


Энэ бол Холливүүдийн найруулагчдын ч төсөөлөлд багтамгүй хамгийн сайхан түүх байлаа. Энэхүү түүхийг хамтдаа бүтээж, мартагдашгүй улирлыг бэлэглэсэн та бүхэнд баярлалаа! гэж Д.Превц Instagram хуудсандаа дээр бичжээ. Энэ сарын эхээр тэрбээр Австрийн Тронхейм хотод болсон ДАШТ-ээс ларж-хилл төрөлд аваргалж, багийн төрөлд алт, холимог багийн төрөлд мөнгөн медаль тус тус хүртсэн байна. 


Японы тамирчин Рёюү Кобаяши өнгөрсөн жил Исландын хойд нутагт тусгайлан барьсан байгалийн налуу тавцангаас 291 м-ийн зайд харайсан боловч Олон улсын цана, сноубордын холбоо /FIS/ дэлхийн дээд амжилтаар бүртгээгүй байна.



Холбоотой мэдээ