Мялзан төст өвчний вакцин хийж дууслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-10-28 17:54:53

   Бог малын мялзан төст өвчний эсрэг вакциныг Увс аймгийн 14 сумын бог малд хийж дууслаа.

Уг вакциныг энэ сарын 12-28-ны хооронд хийсэн бөгөөд нийтдээ 2,1 сая мал хамрагдсан байна. Анх 13 сумын бог малд вакцин хийхээр төлөвлөсөн ч Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд уг өвчин гарсантай холбогдуулан тус сумтай хил залгаа оршдог Бөхмөрөн сумын 55 мянган бог малыг мөн хамруулсан байна.

Өнгөрсөн 8 дугаар сарын 30-нд аймгийн Засаг даргын захирамж гарч, аймгийн хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан юм. Уг дэглэмийг өчигдөр цуцлаж, хязгаарлалтын дэглэмд шилжжээ. Ингэснээр Улаангомд болон сумдад гарсан эргүүлийн постуудыг буулгаж, Өлгий, Өмнөговь сумын малчин өрхүүд бууриа сэлгэн буух боломж бүрдсэн байна.

“Увс аймгийн 14 сумын бог малд толгой дарааллан вакцинжуулалт хийгдлээ. Вакцин хийгдсэн малын махыг 21 хоног, сүүг 14 хоног хэрэглэж болохгүй гэсэн заалттай байдаг. Иймээс аймгийн зах дээр худалдаалж байгаа бог малд байнга шалгалт хийнэ” хэмээн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Б.Пүрэвсүрэн манайд мэдээллээ.

Бог малын мялзан төст өвчин гарсантай холбогдуулан Увс аймгаас Улаанбаатар хот болон бусад аймаг, сум руу мах тээвэрлэхийг хориглосон байсныг мөн цуцлуулахаар болжээ.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ