H&M компани загвар өмсөгчдийн дижитал хувилбарыг ашиглана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 1 /BBC/. Шведийн "H&M" компани хиймэл оюун /AI/ ашиглан 30 загвар өмсөгчийн дижитал хувилбарыг бүтээхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
Мэдэгдэлд дурдсанаар, хэрвээ зөвшөөрөл өгвөл AI хувилбаруудыг олон нийтийн сүлжээгээр сурталчилгаа, маркетинг хийхдээ ашиглахаар төлөвлөж байгаа ажээ.
“Бид шинэ технологийн давуу талыг ашиглан загвараа шинэ бүтээлч аргаар хэрхэн танилцуулах боломжийг судалж байгаагийн зэрэгцээ загварынхаа хэв маягийг хадгалан үлдэхийг эрмэлзэж байна” гэж H&M компанийн бүтээл хариуцсан захирал Йорген Андерссон мэдэгджээ. Харин Америкийн инфлюэнсер Морган Риддл "H&M"-ийн энэ шийдвэрийг Инстаграмм хуудсандаа "ичгүүртэй" гэж буруутгасан байна.
"H&M"-ийн энэхүү шинэ санаачилгын талаар анх “Business of Fashion” сэтгүүлд бичжээ. Загвар өмсөгчид өөрсдийн дижитал хувилбаруудыг ашиглах эрхтэй байх бөгөөд компани болон бусад брэнд эдгээр хувилбарыг маркетингийн зорилгоор ашиглахдаа загвар өмсөгчдөөс зөвшөөрөл авна гэж тус сэтгүүлд дурдсан байна.
Загвар өмсөгчдийн дижитал хувилбарыг нийгмийн сүлжээнүүдэд ашиглахдаа тухайн контентыг хиймэл оюуны тусламжтайгаар бүтээсэн гэдгийг батлах шошго тэмдгийг хэрэглэнэ гэдгийг мөн дурдсан байна.
"Instagram", "TikTok" зэрэг платформууд контентыг хиймэл оюунаар бүтээсэн гэдгийг мэдээлэхийг шаарддаг бөгөөд ийм контентуудыг тусгай тэмдэглэгээтэйгээр нийтэлдэг. Мөн загвар өмсөгчид өөрсдийн дижитал хувилбаруудыг ашиглуулсны төлөө одоо хүчин төгөлдөр байгаа гэрээнд агенттайгаа тохиролцсон тарифын дагуу зураг ашиглуулсны төлбөртэй дүйцэх хэмжээний төлбөр авна гэж "H&M" компани мэдэгджээ.
“Hugo Boss”, “Levi Strauss & Co” зэрэг загварын компаниуд мөн бүтээгдэхүүнийхээ зургийг бүтээхдээ дэвшилтэт хиймэл оюун ашиглаж эхлээд байгаа юм. Жинсэн хувцасны үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Levi's” компани хиймэл оюунаар бүтээсэн загвар өмсөгчдийн хувилбаруудыг "олон янз байдал, дүр төрхийг бий болгох" арга болгон туршиж эхэлнэ гэж 2023 онд мэдэгдэж байсан юм. Гэвч уг шийдвэр шүүмжлэлд өртсөний дараа тус компани "бодит" загвар өмсөгчдийн зураг авалтыг багасгахгүй гэдгээ мэдэгджээ.
Дэвшилтэт хиймэл оюун нь текстээр өгсөн зааврын дагуу богино хугацаанд, хямд өртгөөр бодит мэт зургийг бүтээж чаддаг тул олон салбарт контентуудыг бүтээхэд өргөнөөр ашиглаж байна. Харин загвар, гоо сайхны компаниуд энэ технологийг нэвтрүүлж байгаа нь салбарынхны зүгээс эсэргүүцэлтэй тулгарчээ. Тухайлбал, хиймэл оюуны хэрэглээ өргөжсөнөөр гэрэл зурагчид, стилистүүд, нүүр хувиргагчид, гэрэлтүүлэгч, туслахууд ажлын байраа алдаж болзошгүй хэмээн санаа зовниж байна.
"H&M" компани загвар өмсөгчдийн дижитал хувилбарыг бүтээхдээ Шведийн “Uncut” технологийн компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд "Uncut" цахим хуудсандаа мэдээлэхдээ "хоцрогдсон арга барилаас татгалзах боломжийг брэндүүдэд олгож, контент бүтээх явцыг илүү хялбар, ухаалаг, хүртээмжтэй болгоно" гэжээ.
Шведийн загварын томоохон компани болох "H&M" нь “Market”, “Cos”, “Monki”, “&Other Stories”, “Weekday” зэрэг брэндүүдийг эзэмшдэг бөгөөд 75 оронд 4000 гаруй дэлгүүртэй.