АНУ-д нислэгийн хязгаарлалтыг цуцална
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /Reuters/. АНУ-ын томоохон 40 нисэх онгоцны буудлын дотоодын нислэгүүдэд тавьсан хязгаарлалтыг даваа гаргийн өглөөний 6 цагаас эхлэн цуцална гэж Нисэхийн удирдах газар /FAA/ мэдэгджээ. Ингэснээр засгийн газрын үйл ажиллагаа түр зогссоноос /шатдаун/ үүдэн агаарын тээврийн хөдөлгөөнд тавьсан хязгаарлалтыг сулруулж байна.
FAA-ын захирал Брайан Бедфордын мэдэгдснээр, энэхүү шийдвэр
нь ажиллах хүчтэй холбоотой асуудал намжиж байгааг харуулж байна гэлээ. FAA мөн
зарим нисэх онгоцны буудалд тавьсан сансрын нислэг болон иргэний агаарын
тээврийн нислэгийн хязгаарлалтыг цуцалсан байна.
Агаарын тээврийн компаниуд ийм шийдвэр гарахыг хүлээж байсан юм. Хэд хэдэн томоохон компани нэрээ нууцлах нөхцөлтэйгээр “Reuters” агентлагт мэдээлэхдээ, даваа гаргийн ямар ч нислэгийг цуцлаагүй бөгөөд цуцлахаар төлөвлөөгүй байна гэж мэдэгджээ. Харин “American Airlines”, “United Airlines”, “Delta Air Lines”, “Southwest Airlines” болон бусад компанийг төлөөлдөг “Airlines for America” холбоо тайлбар өгөхөөс татгалзсан байна.
Өнгөрсөн баасан гаргийн орой FAA нислэгийн хязгаарлалтыг 6
хувиас 3 хувь болгон бууруулсан боловч агаарын тээврийн компаниуд уг шаардлагыг
биелүүлээгүй байна. Нисэхийн дүн шинжилгээний компани болох “Cirium”-ийн
мэдээлснээр, ням гарагт агаарын тээврийн компаниуд дээр дурдсан 40 нисэх
онгоцны буудлын нислэгүүдийн ердөө 0.25 хувийг цуцалсан нь цуцлах ёстой
хэмжээнээс бага байжээ.
АНУ-д нислэгийг цуцалсан хувь хэмжээ ням гарагт ердөө 0.36
хувь байсан бөгөөд үүнийг нисэхийн үйл ажиллагаа хэвийн байдалдаа эргэн орж
байгаагийн шинж тэмдэг хэмээн үзэж байна гэж “Cirium” мэдээлсэн байна. Гэхдээ энэ
нь FAA-ын шаардсан хувь хэмжээнээс хамаагүй доогуур байсан бөгөөд тус агентлаг
ням гарагт мэдэгдэхдээ, “онцгой байдлын тушаал хэрэгжих хугацаанд агаарын
тээврийн компаниуд зөрчил гаргасан талаар мэдэж байгаа. Тус агентлаг
хэрэгжилтийг хянаж, үнэлж байна” гэв.
Тушаалын дагуу FAA нь тогтоосон хязгаараас давсан нислэг бүрд
75 мянган ам.доллар хүртэлх торгууль ногдуулж болзошгүй байна. FAA анх
дотоодын нислэгийг цөөрүүлэх хувь хэмжээг 10 хувь хүртэл аажмаар нэмэгдүүлэхийг
зорьж байсан боловч шатдаун дууссаны дараа саатал тасалдал эрс буурсантай
холбогдуулан 11 дүгээр сарын 12-нд уг шаардлагыг 6 хувь хүртэл бууруулахаар
шийдвэрлэжээ.
Агаарын хөдөлгөөнийг хянагч мэргэжилтнүүд хомсдсоноос
үүдэлтэй саатал тасалдлыг багасгахын тулд тус агентлаг анх нислэгийн тоог
бууруулах тушаал гаргасан бөгөөд тэдгээр ажилтны дийлэнх нь цалинг нь олгохгүй
байгаагаас үүдэн ажилдаа ирэхээ больсон байна. Шатдаун 10 дугаар сарын 1-нд
эхэлсний дараа олон арван мянган нислэг цуцлагдаж, саатахад хүрсэн юм. Улмаар
АНУ-ын түүхэнд хамгийн удаан буюу 43 хоногийн турш үргэлжилсэн шатдаун
дууссанаас хоёр хоногийн дараа буюу баасан гарагт агаарын хөдөлгөөний хянагчид
болон FAA-ын бусад ажилтан авах ёстой мөнгөнийхөө 70 орчим хувьтай тэнцэх
цалингаа буцаан авч эхэлсэн байна.
Улаанбаатар