А.Овечкин NHL-ийн түүхэнд хамгийн олон гоол оруулсан тоглогч боллоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /DW/. Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн /NHL/ “Вашингтон Кэпиталз” багийн ахлагч, Оросын довтлогч Александр Овечкин "Нью-Йорк Айлендерс" багтай талбайд нь хийсэн тоглолтод 895 дахь шайбаа оруулжээ.
Ингэснээр тэрбээр NHL-ийн түүхэнд хамгийн олон гоол оруулсан Канадын домогт хоккейчин Уэйн Гретцкигийн 26 жилийн турш эзэмшиж байсан амжилтыг эвдлээ.
А.Овечкин 895 дахь гоолоо "Нью-Йорк Айлендерс” багтай хийсэн тоглолтын 2-р үед оруулсан бөгөөд тухайн үед “Айлендерс” 2:0-ээр тэргүүлж байв. “Вашингтон Кэпиталз”-ын довтлогч 1487 дахь тоглолтдоо шинэ амжилт тогтоосон бөгөөд яг ийм тооны тоглолтод У.Гретцки 894 дэх гоол оруулж байжээ.
Стэнлийн цомыг дөрвөн удаа хүртэж байсан өдгөө 64 настай У.Гретцки 1979-1999 онд NHL-д тоглож байсан ба 2857 оноо авч, 894 гоол оруулж, 1963 удаа оновчтой дамжуулалт өгчээ. Түүний араас Чехийн хоккейчин Яромир Ягр /1921 оноотой/ бичигдэж байгаа бол одоогоор тоглож буй тамирчдаас уг үзүүлэлтээр эхний 10-т багтаж буй тоглогч бол “Питтсбург Пингвинз”-ийн төвийн довтлогч Сидни Кросби юм. Өдгөө 37 настай тэрбээр 1682 оноо авчээ. Харин А.Овечкин одоогоор 11 дүгээрт бичигдэж байгаа бөгөөд “гоол +дамжуулалт” үзүүлэлтээр 1618 оноотой байна.