“Цагаан алт”, “Шинэ хоршоо” хөдөлгөөний хэрэгжилтийн талаар хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. УИХ-ын даргын 42 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсэг өнөөдөр хуралдав.
Тус ажлын хэсэг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд Уламжлалт мал аж ахуйд
тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах
тухай хууль, УИХ-ын 2021 оны 106 дугаар
тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын 4.2, 4.4-т заасан зорилт,
“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний
тухай” УИХ-ын 2022 оны 36 дугаар
тогтоол, “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим
арга хэмжээний тухай” УИХ-ын
2024 оны 63 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх,
бодлого, арга зүйн дэмжлэг үзүүлэх, холбогдох арга хэмжээний санал болон хууль,
эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэгтэйгээр
ажиллаж байна.
Ажлын хэсгийн
хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Идэрбат,
Ц.Ганхүлэг, Д.Үүрийнтуяа, Б.Бат-Эрдэнэ нар оролцлоо. Хуралдааныг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Мандхай даргалж, “Цагаан алт”
үндэсний хөдөлгөөн, “Шинэ хоршоо” хөдөлгөөний ажлын явц, хэрэгжилт, үр дүн
болон тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарцын талаар хэлэлцлээ. Уулзалтын эхэнд
Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай “Цагаан алт” үндэсний
хөдөлгөөний талаар мэдээлэл хүргэв. Тэрбээр ноос ноолуур, арьс шир, хөнгөн
үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний борлуулалт, зах зээл, брендинг, маркетингийн
чиглэлээр анхаарах асуудал бий гэлээ. Салбарын хууль, эрх зүйн орчныг
сайжруулж, түүхий эдийн чанар, бэлтгэлийн тогтолцооноос гадна үйлдвэрлэл, борлуулалт,
экспортын чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж, энэ салбарт ажиллах
хүний нөөцийн дутагдалтай байгааг тодотгосон.
Мөн хурлаар “Шинэ
хоршоо” хөдөлгөөний талаарх мэдээллийг сонслоо. Хуралдаанд хөрөнгө оруулалтын
чиглэлээр мэдээлэл хүргэхээр Монголбанк, Төрийн банк болон Зээлийн батлан
даалтын сангийн төлөөлөл оролцов. Ажлын
хэсгийн гишүүд зээлийн батлан даалтын нөөц болон эргэн төлөлт,
эрсдэлийн талаар онцгойлон анхаарч, судалгаа тооцооллын талаар шинэчлэгдсэн
мэдээллийг цаг алдалгүй хүргэж, салбар хоорондын уялдаа холбоог хангаж
ажиллахыг хүслээ гэж УИХ-ын Хэвлэл
мэдээллийн газраас мэдээллээ.