Г.Цэвээн: Хүний биед зовуурь байх ёсгүй, зовуурь мэдрэгдсэн л бол эмчид заавал хандах ёстой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-04-10 19:44:00

Улаангом, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. “Гэгээн булаг” эмнэлгийн захирал, аймагтаа “Дурангийн Цэвээн” нэрээрээ танигдсан, эмч Гомбодоржийн Цэвээнтэй цөөн хором ярилцлаа.   


-Эмч хүний хувьд “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний талаар ямар бодолтой явдаг вэ? Үр дүн гарч байна уу?

-Энэ хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлснээс хойш хүмүүс их эрүүлжиж байгаа. Иргэдийн эрүүл мэнддээ тавих анхаарал ч сайжирч байна. Хөдөлгөөний хүрээнд урьдчилан сэргийлэх үзлэгийг сайн хийж байгаа. Хүний эрүүл байхын үндэс бол урьдчилан сэргийлэх үзлэг юм. Иймээс иргэд хэдий насны хүн ямар шинжилгээнд хамрагдах ёстой, тэр хугацаандаа заавал үзүүлж сурах нь чухал байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт тухайн үедээ ороогүйгээс өвчнөө хүндрүүлэх, цаг алдах, эцсийн шатандаа очих эрсдэлтэй тул энэ тал дээр анхаарах хэрэгтэй. Ер нь бол урьдчилан сэргийлэх үзлэгтээ сайн хамрагдаарай гэж зөвлөх байна.


-Манай аймгийн иргэд ходоод, улаан хоолой, элэгний хорт хавдраар их өвчилж байгаагийн гол шалтгаан юу вэ?

-Увс аймагт хавдрын өвчлөл их байгаа нь хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлж байна. Иргэд өөртөө тохиолдсон өчүүхэн зовуурийг хэлэхгүй хадгалж яваад хүндрүүлдэг. Сайхан цай уухаар зүгээр болчихдог, унтаад сэрэхээр зүгээр болчихдог гэх мэтээр хэнэггүй удаан явж байгаагаас хүндэрч хавдар болж байна.


Хүний биед зовуурь байх ёсгүй, зовуурь мэдрэгдсэн л бол эмчид заавал очих ёстой. Энэ эрин зуун баримт түшсэн зуун, тийм болохоор оношилгооны баримт, үзлэг, өвчтөний зовуурь гурвыг үндэслэж онош тавина.


Бүх зүйл баримттай байх ёстой тул заавал шинжилгээ өгсөн баримт байх ёстой. Зүгээр нэг зөвлөгөө аваад явчихдаг бол өнөөгийн шаардлагыг хангахаа байсан. Эмч ямар шинжилгээ өгөөд ир гэж байна, ямар бүтэц зүйн шинжилгээ хийлгэ гэж байна, тэр бүхнийг нь хийлгэж эргэж ирээд эмчтэйгээ уулзаад өөрт байгаа зовууриа тодруулан харилцан ярилцаад юу өвдөж, юунаас болсон гэдгээ тогтоох нь чухал байна.

Өөр нэг зүйл нь манай аймгийн хүмүүсийн архи, тамхины хэрэглээ асар өндөр байна. Бүр бусад аймгаас хамаагүй их байгаа. Ялангуяа тамхи бол бараг иддэг хоолтой адилхан болсон. Энэ нь хүний дархлааг сулруулж, эрсдэлийг улам нэмнэ.

Мөн гэр бүл, найз нөхдийн хүрээнд архидалт их байна. Аливаа баяр ёслолыг архигүйгээр тэмдэглэхээ больжээ. Хүн хоорондын харилцаа заавал архи ууж байж нээгдэх ёсгүй тул энэ тал дээр анхаарах хэрэгтэй. Архидалтын давтамж нэмэгдэх тусам хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, элэгний шүүлт улам мууддаг. Жишээ нь таван гэр бүлийн найз байлаа гэхэд эхнэр, нөхрүүдийнхээ төрсөн өдрийг тэмдэглээд жилд арван удаа цуглаж архи ууж таарна. Цаана нь өчнөөн баяр ёслол тохиож, архи уух өчнөөн шалтаг бий болно. Иймээс өнөөгийн залуусын хэрэглээ архи, тамхи хэрхэвч биш гэдгийг толгойдоо бат суулгаж, кодлох хэрэгтэй. Аль болох архи, тамхи хэрэглэхээс татгалзах ёстой.

Өөр нэг шалтгаан гэвэл хүмүүс өглөөний цайгаа уухгүй ажил, сургуульдаа явдаг. Өдөрт идэх хоолныхоо 25 хувийг өглөө нь идээд ажил, сургуульдаа явах ёстой. Эрт босоод биедээ анхаарал тавьж өглөөний цайгаа ууж хэвшмээр байна. Ялангуяа малчид маань өглөө эрт малдаа цайгаа уухгүй хоосон явчихаад өлөн элгэн дээрээ тамхи маш их татаж байна. Өлөн дээрээ тамхи татах нь хүнд маш их сөрөг нөлөөтэй. Ер нь бол тамхи татаж өлөнгөө дарж байхаар ядаж ном унших, бага зэргийн юм идэх, эсвэл дуртай зүйлээ хийх хэрэгтэй. Тэгэхээр тамхи татах дуршил ч буурна. Олон цагаар мал хариулж явахдаа хоосон байх нь ходоод гэмтэх нэг эх үүсвэр болдог. Орчин цагт хоолны халуун сав төрөл бүрээр гарсан байна. Хонь малд явах хүн гэрээсээ хоол, цайгаа халуун савд хийж аваад гарах хэрэгтэй. Мөн хэт царцуу хоол идэж болохгүй. Удаан хугацаагаар өлөн явж байгаад нэг дор их хэмжээний хоол идэх нь ходоодонд сөрөг нөлөөтэй байдаг.

Үүнээс гадна иргэд хорт хавдраар их өвчилж буй нь өөртөө анхаарал тавихгүй, эрүүл мэндийнхээ төлөө анхаарахгүй байгаагаас үүдэж байгаа. Уг нь бол манайхан их ажилсаг, бүтээлч ард түмэн. Гол нь түүндээ илүү хүчээ тавиад, өөрийнхөө эрүүл мэндэд хүч тавих нь бага байгаа учраас ийм зүйлд хүрч байна. Тэгэхээр иргэддээ хандаж юу хэлэх гээд байна гэхээр манай аймгийн рашаан сувиллын газрууд маш сайн, улсын хэмжээнд судлагдчихсан. Энэ олон сайхан нуур, рашааны хүчийг ашиглаад эрүүлжих хэрэгтэй. Ажил хөдөлмөр, амралтаа зөв зохицуулаад, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Онгон дагшин энэ сайхан байгальд амьдарч байгаа бид их хувьтай хүмүүс шүү.


-Нэгэнт өвдчихсөн хүмүүс нь яах ёстой вэ?

-Хавдар туслаа гээд их айгаад байх хэрэггүй. Эрт үед нь илрүүлчихвэл бүрэн гүйцэд эмчилж болдог. Иймд иргэд маань урьдчилан сэргийлэх үзлэгтээ сайн хамрагдаж, хавдар болохоос өмнө эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Ходоодны хавдар тусаад тайруулж хагалгаа хийлгэсэн иргэд эмчээс зөвлөгөө аваад хооллож ундлах, унтах амрах дэглэмээ сайтар барьж, шинжилгээнүүдээ тогтмол өгөх, давтан дурандуулах, заасан хугацаанд очиж үзүүлэх шаардлагатай. Ходоодоо тайруулсан гээд сэтгэл зүйгээр унаж болохгүй. Бусад эрхтэн бие дотроо эрүүлээр оршин тогтнож байгаа болохоор бие биеэ нөхөөд эрүүлжээд цаашаа аваад явчихдаг. Булан үлдсэн ходоод тулам болтол урт удаан наслаад явж байгаа олон хүн бий. Иймд ходоодоо тайруулсан иргэд маань сэтгэлээр уналгүй, сэтгэл зүйгээ өндөрт тавиад амьдрах хэрэгтэй. Гол нь хооллох дэглэмээ сайн барих их чухал.


-Иргэдэд хандаж өөр юу зөвлөх вэ?  

-Хүний биологийн насыг 120 болсон гэж дэлхийн эрдэмтэн, судлаачид тогтоогоод байна. Манай улсын иргэдийн дундаж наслалт эрэгтэй 64, эмэгтэй 74 болж нэмэгдсэн, дахиад ч дээшилнэ гэдэгт би итгэлтэй байдаг. 

Хеликобактер буюу ходоодны салстыг гэмтээгч бактерыг сүүлийн үед хүмүүс их ярьж байна. Яаж урьдчилан сэргийлэх вэ гэхээр гэрийнхээ аяга, таваг, халбага сэрээг содтой буцлам халуун усанд байнга хийж ариутгах хэрэгтэй. Гадуур хагас бэлэн бүтээгдэхүүн идэхээс аль болох зайлсхийж бай. Дандаа эм ууна гэж байхгүй. Хоруу чанартай бактерийг устгах гэж ууж байгаа эм чинь маш их антибиотик байж таарна.

Тэрчлэн иргэд маань гэр ахуйн ариун цэвэрт маш сайн анхаарч, гараа сайтар угааж байж хоол иддэг зуршилдаа дасчих юм бол энэ бактерийг багасгах бүрэн боломжтой.

Иргэд эрүүл мэнддээ байнга анхаарч, өвчинд бага нэрвэгдээсэй гэж хүсэж байна. 

-Танд баярлалаа.

Холбоотой мэдээ