ДОРНОГОВЬ: Түүх өгүүлэх хөшөө дурсгалууд
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн түүхэнд буй болсон түүхэн хөшөө дурсгалын заримаас тоймлон толилуулж байна. Аливаа хөшөө дурсгалууд тухайн орон нутгийн хөгжил дэвшил, үүх түүхийг гэрчлэн өгүүлж байдаг.
Зургаан баатрын хөшөө
Тус аймгийн харьяат Монгол Улсын баатар Д.Данзанваанчиг болон
энд цэргийн алба хааж байсан С.Дампил, Л.Аюуш, хошууч Т.Дүүдэй, холбоочин
М.Жанчив, хурандаа Д.Нянтайсүрэн нарын гэгээн дурсгалд зориулж зураач,
уран барималч Баадгайн Даваа энэхүү зургаан баатрын хөшөөг урласан түүхтэй.
Дайчид улс орны тусгаар тогтнол, батлан хамгаалах үйлсэд
гарамгай гавьяа байгуулж, Монгол Улсын баатар цол хүртсэн. Эх орны дайны хүнд
жилүүдэд Сайншанд хотод Монгол, Зөвлөлтийн цэргийн ангиуд байрлаж Монгол орны
тусгаар тогтнол, аюулгүй байдлыг харийн түрэмгийлэгчдээс сахин хамгаалж байсан
юм.
Харин Зөвлөлтийн Улаан армийн хурандаа И.С.Дорожинский даргатай
мото буудлагын 27 дугаар тусгай бригад тус хотын урд дэнж дээр байрлаж байгаад
1945 онд чөлөөлөх дайнд оролцсон билээ. 1945 оны чөлөөлөх дайнд хурандаа
Д.Нянтайсүрэнгийн командалсан хуягт бригад эх орны дуудлагаар мордож гарамгай
гавъяа байгуулсан түүх олны ам дамжин үлгэр домог мэт яригддаг.
Монгол Улсын баатар Дашийн Данзанваанчигийн хөшөө
Дорноговь аймгийн Иххэт сумын уугуул Дашийн Данзанваанчиг Монгол
ардын армийн хуягт бригадын миномёт пулемётын наводчик байхдаа 1945 оны
чөлөөлөх дайнд оролцож Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг цөмлөн Японы
милитаристуудыг бут цохиход баатарлаг байлдаж таван удаа шархадсан ч тулалдсаар
гарамгай гавьяа байгуулжээ.
Түүний баатарлаг үйлсийг үнэлж Ардын Их хурлын тэргүүлэгчдийн
зарлигаар 1945 оны есдүгээр сарын 26-нд Монгол Улсын баатар цолоор шагнасан.
Их говийн зоригт баатарлаг малчдын дурсгалыг хүндэтгэсэн морьтой малчны хөшөө
Их говийн зоригт
баатарлаг малчдын дурсгалыг хүндэтгэсэн морьтой малчны хөшөө Дорноговь аймгийн
Өргөн сумын төвд буй.
Одоогоос 75 жилийн өмнө
эх орны төв, өмнөд хэсгээр цасан шуурганд уруудсан 70 мянга гаруй адууг хахир
өвлийн хүйтэн, хөр цасны хайрууд зориг, зүрх гарган хил давуулалгүй тогтоож улс
даяар алдар нэрээ цуурайтуулсан Төвийн Балдан тэргүүтэй их говийн зоригтнуудын
гавьяат үйлсийн талаар Төрийн соёрхолт эрдэмтэн, зохиолч Б.Ринчен сурвалжлан
“Их говийн зоригтон хүмүүс” хэмээх найруулал бичиж байсан. Дээрх хөшөөг Өргөн сумын ЗДТГ-аас санаачилж
2015 онд босгожээ
Дорноговь аймгийн нутагт 1944 оны 11 дүгээр сарын 14-нөөс эхэлсэн цасан шуурганаар Дундговь, Төв, Өвөрхангай, Хэнтий, Дорноговь аймгийн олон мянган адуу, үхэр Дорноговь аймгийн Баянмөнх сумын нутагт ирснийг Балдан, Дамбадаржаа нар хил давуулахгүй тогтоохоор шуурга сөрөн хөдөлсөн байдаг.
Тэд сумын төв рүү мэдээ
дамжуулснаар аймгаас ирсэн төлөөлөгч
Галдан, Үдэл, Нацаг, Жадамбаа зэрэг хүмүүстэй хүч хавсарч нутгийн хүмүүсийг
дайчлан морины
зоон дээр өдөр, шөнөгүй
давхисаар 1945 оны 2 дугаар сарын эхээр 70000 гаруй адуун сүргийг хил
давуулалгүй тогтоож чаджээ. Ийнхүү 40 гаруй хоног үргэлжилсэн хүчтэй цасан
шуурганд амьдрал үхэл өрсөлдөж, уруудсан олон мянган адууны завсар үхэр
хавчуулагдаж үхсэн талаар хуучцуулын ам дамжин яригддаг.
Чөлөөлөх дайны түүх өгүүлсэн хөшөө
Зураг дээрх хөшөө бол 1945 оны чөлөөлөх дайны үед босгосон Монголын цэрэг армийн түүхэн холбогдолтой дурсгал юм. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн Шандын цагаан овооны хойно байрлах дурсгалын хөшөө устаж үгүй болж байсныг Еншөөв багийн иргэн Б.Мөнхбаясгалангийн санаачилгаар сэргээн засварлажээ.
Эл хөшөөг байгуулахад Еншөөв багийн малчин, хил хамгаалах туслах хүчний гишүүн Д.Бат-Өлзий, Д.Эрдэнэпил, Г.Цэндхуяг, Б.Ангираг, Б.Мөнхчулуун, Б.Баттулга, Д.Батбаяр, Ж.Жаргалсайхан нарын гэр бүл хандив өргөж хамтран бүтээлцсэн байна.
Хөшөөг сэргээн засварлах ажлын явцтай Соёл урлагийн газрын
соёлын өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Лхагвасүрэн, Музей Сургалт
Судалгааны төвийн бүртгэл мэдээллийн санч Л.Отгонжаргал, Байгаль орчин аялал
жуулчлалын газрын мэргэжилтэн Ю.Баярмаа, Эрдэнэ сумын Соёлын төвийн эрхлэгч
А.Амаржаргал нар танилцаж, 2022 оны улсын тооллого бүртгэлд бүртгүүлсэн байна.
Ноён хутагтын хөшөө
Суурийг нь хоёр метр гаруй өндөртэй гантиг чулуугаар урлаж,
баруун мөр дээр нь хилэнц хорхой сууж буйгаар дүрсэлсэн Ноён хутагтын хөшөөг
Сайншандын төв цэцэрлэгт 2013 онд түүний мэндэлсний 210 жилийн ойгоор босгожээ.
Хутагтын шүтдэг шүтээн нь эмэгтэй хүн, уран зураг, хун шувуу, яруу найраг, дигваранз буюу хилэнцэт хорхой зэрэг байсан гэдэг. Хилэнцэт хорхой нь гүн ухааны бэлгэ тэмдэг бөгөөд уурлахаараа өөрийгөө хатгаж хөнөөдөг хорхой аж. “Хүн өөрийнхөө алдааны учрыг дотроосоо хайх ёстой” гэж Ноён нутагт шавь нартаа сургадаг байв.
Дэслэгч генерал Шавийн Арвайн дурсгалд зориулж бүтээсэн хөшөө
Цэргийн дүрэмт хувцсаа өмсөж, сэлмээ агссан цэргийн удирдагч, офицерын дүр бүхий хөшөөг Замын-Үүд дэх Хилийн цэргийн 0108 дугаар ангид босгоод хэдэн жил болж буй.
Энэ хөшөө бол дэлхий дахины цэргийн
мөрдөстний дунд ажил үйлс, эрдэм мэдлэг, авхаалж самбаагаараа тодорч “Азийн
Арвай” хэмээн хүндлэгдсэн Монгол
Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, цэргийн шинжлэх ухааны
доктор, профессор, дэслэгч генерал Шавийн Арвайн дурсгалд
зориулж бүтээсэн хөшөө.
2021 оны тавдугаар сарын 12-ны Монгол Улсын Засгийн газрын 134 дүгээр
тогтоолоор Хилийн
цэргийн 0108 дугаар ангийг түүний
нэрэмжит болгож, 2022
оны есдүгээр сарын 15-нд дэслэгч генерал Шавийн Арвайд зориулсан хүндэтгэлийн хөшөөг орчин
цагийн хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 89 жилийн ой “Хилчдийн өдөр”-т
зориулан бүтээсэн
байдаг.
Дэслэгч генерал Шавийн Арвай 1938 онд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг, Богийн гашуун хэмээх газар Рэнцэнгийн хүү болон төржээ. Бага насаа говь нутаг хилийн ойролцоо өнгөрөөсөн тэрбээр 1960-1963 онд Москва хотноо Хилийн цэргийн дунд сургуульд суралцан, онц дүнтэй төгсжээ.
Эх орондоо буцаж ирээд 1964-1967 онд НАХЯ-ны
Хилийн хэлтэст туслах офицероор ажиллаж байгаад дахин ОХУ /хуучнаар ЗХУ/-д 1967-1970 онд Фрунзийн нэрэмжит команд
штабын академийг төгсөн, Замын-Үүд дэх хилийн 12 дугаар отрядад штабын дарга,
отрядын даргаар ажилласан байна.
Хурдан шандаст адууны хөшөө
Тус аймгийн Дэлгэрэх сумын баяр наадмын талбайн хажууд
нэгэн цагт хурд шандсаа гайхуулж наадамчин олныг баясгаж байсан морьдын хөшөө
цогцолбор байдаг.
Тухайлбал нэгэн цагт нутгийн цуут хурдан хүлгүүд хэмээн олонд гайхагдаж байсан Галсанбандийн хүүхэн цагаан азарга, хөх Цэрэнгийн хээр морь, Т.Нямбуугийн “Нэгдэл” зээрд морины хөшөөг өнгөрсөн онд шинээр босгож наадмын талбайдаа мөнхөлжээ. Дээрх бүтээн байгуулалтыг сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан баяр наадмын талбайг "Монгол наадам цогцолбор" болгон тохижуулах ажлын хүрээнд уран барималч, зураач, МУСТА Г.Мөнхзаяа, Б.Түвшинтөр нар гүйцэтгэсэн байна.
Дэлгэрэх сум эрт дээр үеэс хурдан
адуугаараа алдартай байсан бөгөөд 2009 онд улсын наадамд түрүүлсэн “Дэлгэр”
хээр морь тус сумын уяач Д.Готовын унаган адуу юм.
"Гандангийн бүрхэг" хэмээх улсын арслан Гунгаагийн Намжилваанчигийн хөшөө
Ардын хувьсгалын түүхэнд Дорноговь аймгаас
улсын арслан цолтой нэг бөх тодорсон нь “Гандангийн бүрхэг” хэмээн алдаршсан
улсын арслан Гунгаагийн
Намжилваанчиг юм.
Улсын арслан Намжилваанчиг 1906 онд хуучнаар Цэцэн хан аймгийн
Боржигин Цэцэн вангийн хошуу одоогийн Дорноговь аймгийн Сайхандулаан суманд
төрсөн.
1930 оны улсын баяр наадамд долоо давж заан цол, 1932 оны наадмаар зургаа давсан бол
1935 оны улсын баяр наадамд найм давж шөвгийн гуравт, 1936 онд мөн найм давж шөвгийн дөрөвт үлдэн арслан цол хүртжээ. Тэрээр улсын баяр наадамд нийт зургаан удаа
шөвгөрсөн юм.
"Гандангийн бүрхэг" хэмээн түмэн олондоо алдаршсан
арслан өндөр сайхан нуруутай, өв тэгш хөгжсөн бие, галбир төгөлдөр, бяр чадлаар
олныг бишрүүлж явсан бөх байжээ.
Богд хаант Монгол Улсын Ардын баатар Балдангийн Мааньзавын дурсгалд зориулсан хөшөө
Хатанбулаг сумын ЗДТГ-ын барилгын өмнө "Хатанбулаг-100" нэртэй цэцэрлэгт хүрээлэнг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 2024 онд барьсан.
Цэцэрлэгт хүрээлэнгийн голд Богд хаант Монгол Улсын Ардын баатар Балдангийн Мааньзавын хөшөөг босгож цэцэрлэгт хүрээлэнг түүний нэрэмжит болгосон. Эл бүтээн байгуулалтыг нийгмийн хариуцлагын хүрээнд "Тахилт хайрхан транс" ХХК, "Ти Ти Си Энд Ти" ХХК буцалтгүй дэмжлэг, хөрөнгө оруулалтаар байгуулсан гэж орон нутгаас мэдээлсэн юм.
Богд хаант Монгол Улсын баатар Мааньзав 1885 онд одоогийн Хатанбулаг сумын нутаг Баян дов гэдэг ард Балдангийн хоёрдугаар хүү болон төрсөн. Монголын баруун, зүүн талаар цөмрөн орж ирсэн дээрэмчидтэй удаа дараа тулалдаж бут цохиж байжээ.