УВС: Бор нурганы хүн хөшөөг улаан бор өнгийн чулуугаар хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Увс аймгийн Давст сумын төвөөс 3 км зайд оршдог түүхийн дурсгалт газарт эртний хоёр чулуун хөшөө бий.
Бор нурганы хоёр хүн хөшөөг элсэн чулуу гэмээр улаан бор өнгийн чулуугаар үйлдэж, хооронд нь 20 см-ийн зайтай зүүн урагшаа харуулан байршуулсан байдаг. Эргэн тойронд өөр ямар нэгэн онцлох тэмдэггүй. Хөшөөний хүн дүрс нь зогсоо байдалтай.
Нэг дэх хүн хөшөө нь хөлөө хавсарсан, гар нь урдаа авсан боловч юм бариагүй, нүүрний төрхийг төвгөр хийж тодорхой урласан. Ар талаас нь ажвал үсээ задгай тавьсан эмэгтэй хүний шинж байдлыг агуулсан хүн чулуу гэмээр. Гэвч тийм ч тодорхой бус юм.
Хоёр дахь хүн хөшөөний их биений хэсгийг зураасаар гаргасан, таван хэсэг хагарч унасан байдалтай эртний дурсгал юм.
Энэхүү хоёр хөшөө дурсгалын холбогдох он цагийг судлаачид Түргийн үеийн дурсгал гэж үздэг байна.
Увс нуурын дархан цаазат газрын орчны бүсэд оршдог тус хоёр хөшөөг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авчээ.