НҮБ, НАТО-д олгох санхүүжилтийг зогсоох санал дэвшүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Төрийн департаментын төсвийг хоёр дахин бууруулах, дипломат ажилтнууд, Элчин сайдын яамдын тоог цөөрүүлэх, мөн НҮБ, НАТО зэрэг олон улсын байгууллагуудад олгох санхүүжилтийг зогсоох санал дэвшүүлжээ.
Энэ тухай 2025 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэх 2026 оны санхүүгийн жилийн Төрийн департаментын төсвийн тухай АНУ-ын Удирдлага, төсвийн албаны (Office of Management and Budget, OMB) баримт бичгийг эш татан “Reuters”, “Associated Press” агентлагууд мэдээлсэн байна. Д.Трампын засаг захиргаа санхүүжилтийг 50 хувиар буюу 30 тэрбум орчим ам.доллароор бууруулахаар төлөвлөж байгаа ажээ.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, Цагаан ордон 10 Элчин сайдын яам, 17 консулын газрыг хаах санал дэвшүүлжээ. Төсөв танах шийдвэр нь зөвхөн Төрийн департамент төдийгүй, чиг үүргийг нь Төрийн департаментад шилжүүлээд буй АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагт (USAID) ч мөн хамаарна.
“AP” агентлагийн мэдээлснээр, уг баримт бичигт мөн НҮБ, НАТО-д олгох санхүүжилтийг зогсоох, гадаад орнуудад үзүүлэх тусламжийг хоёр дахин бууруулах, мөн гадаадад хэрэгжүүлдэг эрүүл мэндийн хөтөлбөрүүдийн санхүүжилтийг зогсоох санал тусгагдсан байна. ДОХ, сүрьеэ болон хумхаа өвчинтэй тэмцэхэд чиглэсэн хөтөлбөрүүдэд бага хэмжээний санхүүжилтийг хэвээр үлдээх ажээ.
Урьдчилсан байдлаар уг баримт бичгийг боловсруулсан бөгөөд 2026 оны улсын төсвийг батлах ёстой Төрийн департамент, Конгресс хоёрын аль аль нь дэмжихгүй байх магадлалтайг “AP” агентлаг онцолжээ. “Санхүүжилтийн талаарх эцсийн шийдвэрүүд хараахан гараагүй байна" гэж OMB-ын төлөөлөгч мэдэгдсэн байна.