ОРХОН: Номын санчдад нэгдсэн цахим системийн талаар сургалт зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-04-18 10:47:45

Баян-Өндөр, 2025 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. “Номын сангийн тухай” хуульд Монголын Үндэсний номын сан нь аймгуудын номын санг, харин аймгийн төв номын сангууд тухайн харьяалах газар нутаг дээр үйл ажиллагаа явуулдаг сургууль, соёлын төвийн номын сангуудыг мэргэжил арга зүйн удирдамжаар хангаж ажиллах тухай хуульчилсан байдаг.


Үүний дагуу Монгол Улсын Үндэсний номын сангийн Мэдээлэл, арга зүй, эрдэм шинжилгээний хэлтсийн дарга, доктор Т.Хайдав, Үндэсний номын сангийн цахим хөгжүүлэлт, сүлжээний инженер М.Ариунболд нар аймгийн Нийтийн номын сангийн номын санчдад чиглэсэн сургалтыг эхлүүллээ.


Сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа номын сангийн чиг хандлага, хөгжил хурдацтай хөгжиж, өөрчлөгдөж байна. Энэ удаагийн сургалтаар “Номын сангийн үйлчилгээний хүртээмжийн тухай”, “Алслагдсан болон номын санд ирж амжихгүй байгаа иргэдэд зориулсан үйлчилгээ”, Номын сангаас зохион байгуулдаг Соёл олон нийтийн ажил буюу “Иргэд, уншигчдын оролцоог дэмжих хөтөлбөрүүд” гэсэн сэдвүүдээр ахисан түвшний сургалт, хичээлүүд орж байна.


Сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Орхон аймгийн сургууль, Соёлын төвийн номын санчдад зориулан “Цахим номын сангийн нэгдсэн системийн нэвтрүүлэлт”, “Номын сангийн бүртгэлүүдийг цахимжуулах хэрэгцээ шаардлага”, Номын сангийн “Нэг бүрчилсэн болон өдөр тутмын бүртгэлийн цахимжуулалт” болон Монгол Улсын номын сангуудад шинээр нэвтэрч буй “Koha” нэгдсэн цахим системийн талаар сургалт зохион байгуулж байна.





Холбоотой мэдээ