С.Янжмаа: Дэлгэцийн донтолт хүүхдүүдийн дунд маш их байгаад багш хүний хувьд сэтгэл зовниж явдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Увс аймгийн Улаангом сумын цогцолбор 1-р сургуулийн бага ангийн багш
С.Янжмаатай бага ангийн хүүхдүүд дэлгэцийн донтолтод өртөж байгаа эсэх талаар
ярилцлаа.
-Сургуулийн орчинд бага ангийн хүүхдүүдийн дэлгэцийн
хэрэглээ ямар байна вэ?
-Би бага ангийн багшаар 30 жил энэ сургуульд ажиллаж байна. Зургаан удаа
нэгдүгээр анги авч тавдугаар анги төгсгөсөн. Өнгөрсөн намар долоо дахь
нэгдүгээр ангиа авлаа. Нийтдээ 300 гаруй шавь бэлдээд байна. Үүнээс сүүлийн арван
жилийн хугацаанд хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээ маш их нэмэгдсэн. Бараг хүүхэд
бүр гар утастай боллоо. Зарим нь бүр дэлгэцийн донтолтод өртөөд эхэлсэн
байдалтай байгаа.
-Дэлгэцийн хэрэглээ өндөртэй хүүхдүүдэд ямар шинж тэмдэг
илэрч байгааг та ажигласан уу?
-Гэрийн даалгавар хийхгүй, ном уншихгүй байна. Үүнээсээ болоод хичээлийн
хоцрогдолд орж, сурлага нь муудаж байгаа. Мөн тогтож сууж чадахгүй, төвлөрөхгүй
болдог. Гар утсаар тоглох юмуу, эсвэл зурагт, компьютер үзэхгүй л бол тухайн хүүхэд тухтай сууж чадахгүй, биеэ
барьж дийлэхгүй, уур омогтой болж байгаа. Ялангуяа залуу аав, ээж нар хүүхэд нь
уйлахаар утсаа өгчих юм. Яагаад хүүхдэд утас өгөөд байгаа юм бэ гэхээр утсаа
өгөхгүй бол уурлаад байна гэдэг. Утсаар их тоглодог хүүхэд аав, ээжийнхээ үгэнд
ч орохгүй байгаа нь ажиглагдсан. Ер нь бол дэлгэц байнга ширтэх нь хүүхдийн эрүүл
мэндэд маш их сөрөг нөлөөтэй. Мөн ямар ч хяналтгүй мэдээллийг хориг саадгүй
үзэж байна.
-Бага ангийн хүүхдүүд гар утас хэрэглэхгүйгээр хичээл
номоо хийх боломжтой юу?
-Бололгүй яахав. Би аль болох гар утас, цахим тоног төхөөрөмж ашиглахгүйгээр хичээл заахыг хичээдэг. Сүүлийн жилүүдэд Eduten, Person гэх мэт цахим хичээлийг Боловсролын яам сургалтын хөтөлбөрт оруулсан. Үүнийг далимдуулаад зарим хүүхэд хичээл хийх нэрээр утсаар тоглох явдал их байгаа. Гэрийн даалгавар өгөхөөр хүүхдүүд зургийг нь утсаараа дарж авдаг. Ном унш гэхээр эрх биш багш хэлсэн юм чинь гээд хэсэг уншиж байх жишээтэй. Энэчлэн дэлгэцийн донтолт хүүхэд багачуудын дунд маш их байгаад багш хүний хувьд сэтгэл зовниж явдаг.
-Дэлгэцийн донтолтоос хүүхдийг хэрхэн хамгаалах боломжтой вэ?
-Томчууд бид өөрсдөө үлгэрлэмээр байна. Хүүхдээ утсаар бүү тогло, зурагт үзэх хэрэггүй гэсэн мөртлөө өөрсдөө утсаа ширтээд байдаг. Иймээс том, багагүй цөмөөрөө цахим хэрэглээгээ цагийн хязгаартай ашиглаж хэвшмээр байна.