ДОРНОГОВЬ: “Хавдрын эсрэг үндэсний аян"-аар хорт хавдрын 11, хавдрын сэжигтэй 30 тохиолдлыг илрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны дөрөвдүгээр сарын 18/МОНЦАМЭ/. “Хавдрын эсрэг үндэсний аян–2025” үзлэг оношилгоог Дорноговь аймагт таван өдөр хийлээ.
Эмч нар 1171 иргэнд үзлэг оношилгоо хийж, хорт хавдрын 11, хавдрын сэжигтэй 30 тохиолдлыг илрүүлж, дараагийн шатны эмчилгээ зөвлөжээ. Мөн ходоод тайрах, хөхний мэс ажилбар, умайн хавдрын мэс засал, дурангаар ходоодны полип авах, зөөлөн эдийн хавдар авах мэс ажилбарыг хийжээ.
Үүнээс гадна хавдрын эрт илрүүлэг зөвлөгөө, шинжилгээ, мэдээллээр хангах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулсан байна. Аймгийн Эрүүл мэндийн газраас гаргасан мэдээллээс үзэхэд хүн амын өвчлөлийн тэргүүлэх дөрвөн шалтгааны нэгд хорт хавдар орж байгаа бол нас баралтын 19.1 хувийг хорт хавдрын өвчлөл эзэлж байгаа юм.
Иргэдийн эрүүл мэндийг дэмжих, хавдрын өвчлөлийг эрт илрүүлэх,
дараагийн шатны эмчилгээ үйлчилгээ үзүүлэх зорилготой “Хавдрын эсрэг үндэсний аян-2025” үзлэг оношилгоог ХСҮТ, "Хаан банк” сан болон МҮОНРТ хамтран зохион байгуулжээ.