Милан-Кортинагийн Олимпын тасалбарын 60 хувь нь зарагджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ТОКИО, 2025 оны дөрөвдүгээр сарын 18 /Kyodo/. Италид ирэх онд болох Милан-Кортинагийн өвлийн Олимпын наадмын тасалбарын 60 орчим хувь нь зарагдсан гэж тус наадмыг зохион байгуулах хорооны гүйцэтгэх захирал Андреа Варнье мэдэгджээ.
“Тасалбар гуравдугаар
сарын 8-нд худалдаанд гарснаас хойш зохион байгуулагч орон болон АНУ, Германы иргэд хамгийн олон тасалбар худалдаж авснаар эхний гуравт жагслаа. 25-40 насныхны
дунд тасалбар хамгийн их эрэлттэй байна” гэж А.Варнье Японы нийслэл Токио хот дахь
Италийн Элчин сайдын яаманд үг хэлэх үеэрээ мэдээлсэн байна.
Олимпын бамбарыг
Осака хотод болж буй Дэлхийн экспо үзэсгэлэнгийн үеэр танилцуулснаас хойш хоёр
хоногийн дараа А.Варнье хэлэхдээ, тасалбарын борлуулалт үнэхээр сайн байна, залуу
үеийнхэн ихэд сонирхож байна гэлээ. Мөн сайн дурын 18 мянган ажилтны орон тоонд
нийт 110 мянган өргөдөл ирүүлсний дотор гадаадын иргэд олон байгаа бөгөөд өргөдөл
гаргагчдын талаас илүү хувь нь 35-аас доош насныхан байгаа ажээ.
2026 оны өвлийн
наадмыг газарзүйн үндсэн дөрвөн кластер буюу бүсэд зохион байгуулах бөгөөд
нээлтийн ёслол Милан хотын алдарт Сан-Сиро цэнгэлдэх хүрээлэнд болно. “Миланд маш олон сайн дурынхан цугларч байгаагаар би төсөөлж байна. Уулархаг бүс
нутагт болох тэмцээн уралдаануудын үеэр хангалттай тооны сайн дурын ажилтнуудтай
байх нь чухал” гэж А.Варнье хэлжээ.
Гүйлтийн тэшүүрийн
тэмцээн уралдаануудыг “Milano Ice Park” хэмээх түр талбайд зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд эдгээрийг амжилттай зохион байгуулах нь удаан хугацаанд сайн үр нөлөөг үзүүлнэ гэж А.Варнье
үзэж байна. “Одоогоор гүйлтийн тэшүүрийн тэмцээн зохион байгуулах боломжтой
газрууд маш цөөн байгаа. Хэрэв бид амжилттай хийж чадвал
дэлхийн олон оронд энэ спортын төрлөөр тэмцээнүүд зохион байгуулах боломж нээгдэнэ” хэмээн тэрбээр ярилаа.