Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангахад "Хожимдоогүй" хэлэлцүүлэг боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-11-02 11:59:20

"Нээлттэй нийгэм форум"-ын байранд өнөөдөр "Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр"-т зориулсан "Хожимдоогүй" хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлэгт Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцлоо.

Энэ өдөр НҮБ-ын гишүүн орнуудыг хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, албан хаагч, сэтгүүлчдийн аюулгүй орчинг бүрдүүлж өгөхийг уриалдаг. 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганаар "жил бүрийн 11 дүгээр сарын 02-ны өдөр тэмдэглэх" тогтоол гарч ЮНЕСКО-д хяналт тавихыг даалгажээ. Монгол эх оронд минь сэтгүүлчид амгалан тайван ажиллаж амьдарч байна...гэхдээ зарим нэг ил, далд "аюултай байдлаа" аюулгүй байлгахын төлөө бид юу хийдэгсэн билээ...?
Юутай ч өнөөдөр "Глоб интернэшнл төв", "Нээлттэй нийгэм форум" болон ЮНЕСКО-ийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар ххмтран сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр" Хожимдоогүй" хэлэлцүүлэг хийж буй нь олзуурхууштай. 
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, НҮБ-аас гаргасан уриалга, ЮНЕСКО-гоос Монголын Засгийн газарт ирүүлсэн зөвлөмжийн дагуу төлөвлөгөө гарган ажиллаж байна, мөн сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах сургалт, бусад арга хэмжээ зохион байгуулна хэмээн онцлов. Хэлэлцүүлэгт төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид, Харилцаа холбооны зохицуулах газар, Улсын Ерөнхий прокурорын газар, ЦЕГ, Эрүүгийн цагдаагийн газар, ХЭҮК-ын ажилтнууд ч оролцон сэтгүүлчдийн эрхийн зөрчил, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг гэмт үйлд ял шийтгэлгүй үлдэж буйтай тэмцэхэд хожимдоогүй гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, бүлгийн ажил хийж сонирхолтой асуудал дэвшүүлэн ярилцлаа. 
Мөн энэ үеэр "Глоб интернэшнл төвийн тэргүүн Х.Наранжаргал хэлэлцүүлгийг удирдаж өөрийн байгууллагаас бүтээсэн "Хожимдоогүй" жүжигчилсэн уншлагын дүрс бичлэгээ үзүүлсэн нь сонирхолтой амьд үйл ажиллагаа боллоо.

Сүүлийн 10 жилийн дотор дэлхийн хэмжээнд 600 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан олон нийтэд мэдээлэл хүргэхээр явахдаа амиа алджээ!
Уг хэргийг үйлдсэн гэмт этгээдүүдийн 90 хувь нь хуулийн хариуцлага хүлээгээгүй гэсэн судлагааг  "Сэтгүүлчдийг хамгаалах хороо" гаргасан байна.
Сэтгүүлчдэд халтай Ирак, Сомали, Филиппин, Мексик, Орос, Колумб, Сири, Бразил зэрэг орон сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн гэмт хэргээр болон гэмт хэрэгтэнд ял оноодоггүйгээрээ тэргүүлсээр байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ