ХОВД: Цэргүүдийг угтан авах, үдэн гаргах хүндэтгэлийн үйл ажиллагаа болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Ховд аймагт энэ өдрүүдэд 2024 оны нэгдүгээр ээлжээр цэрэгт татагдсан залуусыг хүлээн авах, 2025 оны нэгдүгээр ээлжийн цэргүүдээ үдэн гаргах хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо.
Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлж Ховд аймгаас 2024 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар Үенч сум дахь Хилийн цэргийн 0130 дугаар ангид алба хаасан залуус өчигдөр буюу тавдугаар сарын 1-ний өдөр халагдаж ирсэн юм.
Залуус цэргийн эрдэмд суралцахын зэрэгцээ монгол бичиг, англи хэл, компьютер, жолооны сургалтад хамрагдаж мэдлэг, ур чадвараа хөгжүүлжээ.
Мөн зарим алба хаагч богино хугацаанд нисгэгчгүй нисэх хэрэгсэл дроны нисгэгч, хилчин, шалган нэвтрүүлэх алба, жолооч зэрэг мэргэжил эзэмшиж, ажлын байртай болжээ.
Ийнхүү хугацаат цэргийн албаа нэр төртэй хаасан нэр бүхий цэргүүдэд Засаг даргын хүндэт өргөмжлөл, тэргүүний хилчин, онц сурлагатан, онц буудагч шагнал гардууллаа.
Харин өнөөдөр шинээр цэргийн албанд татагдсан залуусыг үдэв.
Тус аймгийн Засаг даргын захирамжийн дагуу 2025 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг Цэргийн штаб, холбогдох ажлын баг дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс тавдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулсан юм.
Хугацаат цэргийн албанд татагдсан залуусыг өнөөдөр гэр бүл, найз нөхөд болон аймаг, сумын удирдлагууд Ховд аймгийн төв талбайгаас хуваарилсан анги руу нь үдэн гаргав.