ХӨВСГӨЛ: Даль цэцгийн баярыг тавдугаар сарын 10-нд тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-05-07 17:25:31

Мөрөн, 2025 оны тавдугаар сарын 7/МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд Даль цэцгийн баярыг 14 дэх жилдээ тавдугаар сарын 10-ны өдөр тэмдэглэнэ.


Тус  баяр нь орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм.


Даль цэцгийн  баярын үеэр жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэд, малчдын бэлтгэсэн цагаан идээний үзэсгэлэн худалдаа болно.


“Даль цэцгийн  баярыг зорин ирж буй иргэдийн тоо жилээс жилд эрс нэмэгдэж буй учраас орон нутаг тодорхой хэмжээний бэлтгэлийг хангаж, аймгийн хэмжээнд хаврын улиралд аялал жуулчлалыг хөгжүүлэх эвент болгох зорилготой байна" гэдгийг Эрдэнэбулган сумын Засаг даргын орлогч Г.Баярбат ярилаа.



Монгол оронд хавар анхлан цэцэглэдэг 5 зүйлийн нэг нь далийн ягаан цэцэг юм.


Тус цэцэг нь хүний бие махбодыг тайвшруулах, ядаргаа тайлах, дархлаа сэргээх, сэтгэл тайтгаруулах, тархины өвчнөөс сэргийлэх, хараа сайжруулах, бие тэнхрүүлэн алжаал тайлах тустай.


Далийн ягаан цэцэгт амарч суух нь эрүүл мэндэд тустай гэдэг ч хамгийн гол нь хүмүүс тансаг сайхныг таван мэдрэхүйгээрээ бүрэн мэдрэн өөдрөг сэтгэлтэй болж, эерэг энерги хуримтлуулдаг.


Өөрөөр хэлбэл багахан хугацаанд байгалийн асар хүчтэй бясалгалд суусантай ижил бөгөөд удаан суух, тэр тусмаа унтаж огт болохгүй гэдгийг нутгийн иргэд хэлж байлаа.

 

Холбоотой мэдээ