Атан тэмээ 1.5 сая төгрөгийн үнэтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2025-05-14 11:02:00

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/.  Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, атан тэмээ  2025 оны 4 дүгээр сард 1.5 сая төгрөгийн үнэтэй байна.


Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 110.1 мянган төгрөгөөр нэмэгдсэн дүн юм. Соёолон үрээний үнэ 51.8 мянган төгрөгөөр нэмэгдэж 1.2 сая төгрөг болжээ. Эр хонины үнэ 29.1 мянган төгрөгөөр өсөж 280 мянган төгрөгт хүрчээ. Эр ямааны үнэ 32.4 мянган төгрөгөөр нэмэгдэж 180 мянган төгрөг болсон байна. Харин хязаалан гунан үхрийн үнэ 1.4 сая төгрөг болжээ.


Хүнсний болон ашиг шим, уналга, эдэлгээний зориулалтаар худалдан борлуулсан малын үнийг ханшийн мэдээнд хамруулна. Харин шилмэл омгийн мах, сүүний чиглэлийн, хурдны морь зэрэг өндөр үнээр борлуулсан малын үнийг хамруулахгүй гэж Үндэсний статистикийн хорооноос тайлбарлажээ.


Үхрийн 2 метрээс дээш урттай шир 4 дүгээр сард 7.7 мянган төгрөг болсон байна. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 4 мянган төгрөгөөр өссөн дүн юм.


Цагаан ноолуурын 1 кг-ын дундаж үнэ 120.0 мянган төгрөг болжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 31 мянган төгрөгөөр буурчээ. Хөвсгөл аймагт цагаан ноолуур хамгийн их 141 мянган төгрөг, Говь-Алтай аймагт хамгийн бага 100 мянган төгрөг байна.

Холбоотой мэдээ