МЕРИТ төслийг Дундговь аймагт хоёр дахь удаагаа хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-05-16 15:03:59
altantogos

Мандалговь, 2025 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх зорилго бүхий Канад-Монголын МЕРИТ төслийг Дундговь аймагт хоёр дахь удаагаа хэрэгжүүлэхээр боллоо. Төслийг Каталист плас байгууллага 4 аймагт хэрэгжүүлэх юм.


Канад Улсын санхүүжилттэй "Хүний эрх, ёс зүйг дээдэлсэн, хүртээмжтэй төрийн албаны шинэчлэлийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх" тус төслийг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд орон нутгийн иргэдийн хэрэгцээнд тулгуурласан, хүртээмжтэй, иргэн төвтэй төрийн албыг чадавхжуулж, төрийн үйл ажиллагаанд иргэдийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой.  


Төслийн хүрээнд Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Жендэрийн үндэсний хороо зэрэг төрийн болон орон нутгийн байгууллагатай хамтарч, төрийн албаны өнөөгийн нөхцөл байдал, эрэлт хэрэгцээнд тохирсон туршлага, арга аргачлал, тогтолцоог нэвтрүүлэх ба төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэхэд албан хаагчдын мэдлэг, чадварыг сайжруулах, иргэдийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр практик сургалт, зөвлөгөө, менторингийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ.


Канадын Засгийн газрын санхүүжилтээр Монгол Улсад  хэрэгжүүлсэн МЕРИТ төсөл өмнө нь Дундговь аймагт 2018-2024 онд хэрэгжиж, төрийн албаны хүний нөөцийг чадавхжуулах, жендэрийн тэгш байдлыг хангах, уул уурхайн зөв зохистой бодлого төлөвлөх зэрэгт хамтран ажиллаж, аймгийн ЗДТГ-тай хамтран ажилласны үр дүнд тус байгууллага Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэгч байгууллага болсон юм.

Холбоотой мэдээ