Орос-НАТО-гийн Зөвлөлийн үйл ажиллагааг сэргээх санал дэвшүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-05-16 15:23:57

ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 16 /Bloomberg/. Орос-НАТО-гийн Зөвлөлийн хүрээнд аюулгүй байдлын асуудлаарх хэлэлцээг сэргээх саналыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа дэвшүүлсэн тухай “Bloomberg” агентлаг нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжийг эш татан мэдээлсэн байна. 


Эх сурвалжийн хэлснээр, эл саналыг Орос-Украины дайныг тайван замаар зохицуулах тухай Америкийн төлөвлөгөөнд саяхан багтаажээ.


Гал зогсоох тухай АНУ-ын төлөвлөгөөнд Оросын тал хариу өгөхөөс өнөөг хүртэл зайлсхийсээр ирсэн гэдгийг тус агентлаг дурдсан байна. Уг төлөвлөгөөнд мөргөлдөөнийг зогсоох, Крымийг Оросын газар нутаг гэж хүлээн зөвшөөрөх, дайны улмаас ОХУ-д тавьсан Америкийн хоригийг цуцлах зэрэг саналуудыг тусгажээ. Харин Украин тал АНУ-ын боловсруулсан төлөвлөгөөнд зааснаар аюулгүй байдлын баталгаа авч, батлан хамгаалах хүчин чадлаа үргэлжлүүлэн бэхжүүлэх боломжтой болно.


Орос-НАТО-гийн Зөвлөлийг 2002 онд байгуулжээ. Уг зөвлөлийг ОХУ болон Умард Атлантын эвслийн гишүүн орнууд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, цэрэг-улс төрийн үйл ажиллагааг зохицуулах зорилгоор байгуулсан байна. Оросын цэргүүд 2022 онд Украинд халдан довтолсны дараа Зөвлөлийн үйл ажиллагаа үндсэндээ зогсжээ. Тус зөвлөлийн сүүлчийн уулзалт 2022 оны нэгдүгээр сард болсон байна. 

Холбоотой мэдээ