СЭЛЭНГЭ: Оногдсон ажлаа шаргуу гүйцэтгэдэг учраас зөгийг "ажилч" хэмээжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Зөгийн
аж ахуй Шаамар сумаас эхлэлтэй бөгөөд Монгол Улсын хэмжээнд хамгийн олон
зөгийчид Сэлэнгэ нутагт хөдөлмөрлөдөг.
Тус аймгийн 14 сумын 310 иргэн, 9 аж ахуйн нэгж 6656 бүл зөгий үржүүлж, 130 гаруй
тн бал үйлдвэрлэж байна.
Сэлэнгэ
аймгийн Шаамар сум бол зөгий үржлийн газар, зөгийчдийн өлгий нутаг. Анх 1959 оны 4 дүгээр сард 20 бүл зөгийг энэ суманд
авчирснаар Монгол Улсад зөгийн аж ахуйн эхлэл тавигдаж байсан түүхтэй.
Өнөөдөр
тус суманд 200 гаруй бүртгэлтэй
зөгийчид жилд дунджаар 90 гаруй тн бал хураан авч байна.
Нэг
бүлд дунджаар 15 мянга гаруй зөгий яг л нэг гэр бүл шиг зохион байгуулалттай
амьдардаг
байна. Гэрийнхээ ойр орчмыг
цэвэрлэнэ, цэцэгт нугаар явж шинэхэн цэцэгсийн мэдээлэл цуглуулж ирнэ.
Тэр
мэдээллийн дагуу ажилчин зөгийнүүд явж цэцгийн шүүс цуглуулж ирдэг байна.
Түүгээр нь 7-10 хоногийн хугацаанд 10 кг орчим балыг бүрэн боловсруулж чаддаг.
Нэг зөгий 20 гаруй хоногийн настай ч энэ багахан хугацаанд оногдсон ажлаа
шаргуу гүйцэтгэж, өөрийн бүлдээ тусалдаг учраас зөгийг ажилч хэмээн нэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Шаамарынхан
зөгий шигээ туйлын ажилсаг хүмүүс. Шинэхэн цэцэгсийг даган нүүдэллэж, хамтын
хүчээр зөгийгөө үржүүлж, хүүхдүүдээ ажилд сургаж, хүмүүсийг ч ажлын байртай
болгож, зөгийн аж ахуйгаа эрхэлж явна.
Шаамар сумын зөгийчин Д.Эрдэнэчимэг: 1980 онд Шаамарын Тэжээлийн аж ахуй гэж байхад зөгийчин
болж илгээлтээр гарч байжээ. Үүнээс хойш тасралтгүй 40 гаруй жил зөгий үржүүлж
байна. Одоо эднийх 150 бүл зөгийтэй болжээ.
Д.Эрдэнэчимэг балаа борлуулахдаа
малын эмчтэйгээ нягт хамтран ажилладаг гэлээ. Зөгийнд бас эмч хэрэгтэй гэв. Зөгийчид
үүрээр, шөнөөр нүүдэг байна.
Эднийх балыг хангалттай хураадаг ч боруулалтад жаахан асуудал гардаг гэв. Хураасан балыг нь худалдаж аваад, цааш нь
савлаад борлуулдаг нэг хэсэг байдаг бол хэмээн боддог хэмээн ярилаа.
Зөгийчин Т.Самал: 35
бүл зөгийтэй. 2009 онд "Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллагад Шаамар сумын
төслийн зохицуулагчаар ажиллаж байгаад зөгийний чиглэлээр ажиллаж эхэлжээ. Самалын
хувьд олон жил зөгийн чиглэлээр ажиллаж ирсэн болохоор олон харилцагчтай,
танилын хүрээнд гэрээсээ борлуулалтаа хийдэг байна.
Зөгийн аж ахуйг эрхлэх нь нэлээд
нарийн арчилгаа, маллагаа шаарддаг гэж тэрбээр ярилаа. Маш цэвэр орчинд байлгах хэрэгтэй. Хаврын цагт үр, хайсаа маш сайн ариутгаад, хавар, намрын цагт
эмчилгээ сайн хийх юм бол зөгий өвчлөхгүй байж болдог байна.
Харин гаднаас орж ирж байгаа
зөгийтэй хамт өвчин орж ирэх магадлал их байдаг гэлээ.
Тэгэхээр хойноос оруулж ирж байгаа зөгийнд мал эмнэлэг маш их хариуцлагатай, гарал үүслийг нь маш хянаж оруулж ирж байх хэрэгтэйг тэр онцоллоо.



