СЭЛЭНГЭ: Эмч нар мэдлэг ур чадвараараа өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-05-22 16:48:59

Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЭМГ-аас “Салбарын хөгжилд-Бидний манлайлал” онол практикийн бага хурлыг зохион байгуулж байна.

 

Сэлэнгэ аймгийн Засаг даргын ивээл дор анх удаа болж буй энэхүү үйл ажиллагаа нь эмч, эмнэлгийн мэргэжилтний судалгааны ажил, гүйцэтгэх ур чадварыг сайжруулах бодлого зорилтын хүрээнд болж байгаа юм.

 

Түүнчлэн аймгийн Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Чадварлаг эмч, Чадварлаг-Сувилагч, Чадварлаг-Эмнэлгийн мэргэжилтэн” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр заасан.

 

Энэхүү хөтөлбөр зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн ЭМГ-аас салбарын хэмжээнд “Сүүн мөртэй-Эрүүл мэндийнхэн” сарын аян өрнүүлж, нотолгоонд суурилсан сайн туршлага мэдлэгийг бусдад түгээж дэлгэрүүлэхээр цуврал үйл ажиллагааг явуулж байгаа.

 

Өнөөдөр болж буй онол практикийн бага хуралд 17 сум, 6 тосгоны төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас 16 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн оролцож байна.

 

Тэд нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлэх чиглэлээр мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдөх юм.

 

Онол практикийн бага хурлыг шүүхээр анагаах ухааны доктор, профессор, Монгол Улсын Гавьяат багш Н.Сүмбэрзул, Монгол Улсын Хүний гавьяат эмч, “Энэрэлт үйлс” эмнэлгийн захирал С.Сарантуяа, анагаах ухааны доктор профессор П.Цэдэн нар шүүгчээр ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ