ОРХОН: "Алдарт эх"-ийн одон хүртсэн ээжүүдийн хамгийн залуу нь 24 настай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр,2025 оны зургадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Орхон аймгийн 378 ээж “Алдарт эх”-ийн I,II зэргийн одон хүртсэнээс I зэргийн одонгоор 65, II зэргийн одонгоор 313 эх шагнууллаа.
Тэдний хамгийн ахмад нь 77 настай, хамгийн залуу 24 настай ээж байв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 13 дугаар зарлигаар батлагдсан шинэчлэгдсэн журмаар 100 гаруй ээж “Алдарт эх”-ийн одонгоо хүртлээ. “Алдарт эх”-ийн одонг УИХ-ын гишүүн Д.Батлут тэргүүтэй аймгийн удирдлагууд гардууллаа.
Аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр “Үр хүүхдийнхээ энэрэл хайрын бурхад болсон ижий та нартаа болон та бүхний гэр бүлд аймгийнхаа нийт иргэдийн нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэж, ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” хэмээн мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Хүндэтгэлийн үйл ажиллагааг нээн урлагийн төрөлжсөн сургалттай “Уран эгшиг” сургуулийн морин хуурын чуулга “Сэрсэн тал” аялгууг эгшиглүүлж, Монгол Улсын Ардын жүчигчин С.Ганзориг, МУГЖ Д.Энхзул, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, МУСТА Д.Дагвадорж нар ая дууны мэнд дэвшүүлсэн юм.
Аймгийн хэмжээнд нийт 30.3 мянга өрх, 106.4 хүн ам оршин суурьшиж байгаа нь өмнөх оныхоос хүн амын тоо 1.1 мянгаар өсжээ.
Нийт хүн амын 54.2 мянга нь эмэгтэйчүүд байна. Өнгөрсөн онд 1809 хүүхэд төрсний 913 нь хүү, 896 нь охин байна. “Алдарт эх”-ийн одонтой 6804 эх байгаагаас I зэргийн одонтой 1444, II зэргийн одонт 5360 ээж байна.