ОРХОН: БНСУ-ын Сүнчон их сургуульд 24 оюутан суралцана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны зургадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. БНСУ-ын Сүнчон их сургуульд орон нутагт эрэлттэй мэргэжлээр суралцахаар 24 хүүхэд бүртгүүлээд байна.
Орхон аймаг, БНСУ-ын Сүнчон их сургуультай хамтран ажиллаж, орон нутагтаа дутагдалтай мэргэжлүүдээр боловсон хүчин, хүний нөөцөө бэлтгэх юм.
Инженерийн чиглэлээр 22, нийгмийн салбарын чиглэлээр 8 гээд нийт 30 мэргэжлээс сонгон суралцах хүүхдүүдийн I улирал буюу 6 сарын хэлний бэлтгэлийн төлбөрийг орон нутаг 100 хувь, хөтөлбөрт хамрагдах хугацааны дотуур байр, хоолны төлбөрийг Сүнчон сургууль хариуцна.
ЗДТГ-ын Хамтын ажиллагаа, гадаад, дотоодын төсөл хөтөлбөр хариуцсан удирдагч Б.Оюун-Эрдэнэ тус сургуулийн Гадаад харилцааны газрын дарга Жу Сок Ху мэргэжилтэн Чой Хе Сон нарыг хүлээн авч уулзан 3 талт хариуцлагын гэрээ байгуулах талаар зөвлөлдлөө. Мөн албаныхан суралцагсад болон тэдний ар гэрийнхэнтэй уулзаж, бүрдүүлэх материал, анхаарах зүйлсийн талаар мэдээлэл өгөв.
Орон нутагтаа эрэлттэй мэргэжлээр Сүнчон их сургуульд сурах сонирхолтой 17-23 насны хүүхэд, залуусын бүртгэлийг аймгийн Боловсролын газар 3 сараас хойш хугацааг 3 удаа сунган зохион байгуулж, 24 хүүхэд бүртгүүлжээ.
Хүүхдүүд 9-р сард сургуулиа зорино. БНСУ-д 130 гаруй их дээд сургууль байдгаас 20 гаруй нь улсын сургууль. Эдгээр сургуулиас монгол ажилтантай ганц сургууль байдаг нь Сүнчон. Дэлхийн 20 гаруй орны 400 гаруй оюутан байдгаас 80 монгол оюутан суралцаж байна.