ОРХОН: Авто замын засварын ажлуудыг эрчимжүүлэхийн тулд тогтмол хяналт тавина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны зургадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр холбогдох албаныхны хамтаар гэр хорооллын болон авто замын ажлын явцтай танилцахын зэрэгцээ, ажил гүйцэтгэхэд гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцож байна.
2025 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 43 байршилд авто замын ажлыг 10 компани гүйцэтгэнэ.
Засаг дарга Б.Зоригтбаяр замын ажил гүйцэтгэж буй компаниудад ажлаа чанартай гүйцэтгэж, гэрээний хугацаанд дуусгахыг тогтмол сануулж байна. Мөн долоо хоног бүр ажлын явцын гүйцэтгэлтэй танилцах юм.
Мөн Яргуйт, Их залуу, Рашаант, Баянбулаг, Даваат багт хийж буй авто замын ажлын явцтай танилцлаа. Тухайлбал: Яргуйт багийн А цэгээс М цэг хүртэлх 1,5 км авто замын ажлыг “Баянцогтын зам” ХХК энэ сарын 30-нд ашиглалтад оруулна. Өнөөдрийн байдлаар ажлын явц 80 хувьтай үргэлжилж байна. Авто замын асфальт бетон хучилт авах суурийн ажил, үерийн усны хоолой болон явган замын ажлыг хийж дуусчээ. Энэ сарын 10-нд хучилтын ажил эхэлнэ.
Уртын гол багийн 260 айлын орон сууцны авто замын тохижилтын ажил 90 хувьтай байна. 2 метрийн өргөнтэй 280 м явган хүний замын ажил, авто замын босоо, хэвтээ тэмдэглэгээ, ногоон байгууламжийн ажлыг "Жавхлан харгуй" ХХК гүйцэтгэж байна. Шороо тоос үүсэхээс сэргийлж усжуулалт хийх, иргэдийн ая тухыг алдуулахгүй байх, чанар гүйцэтгэлд анхаарах чиглэлийг өглөө. Гэрээний хугацаагаар энэ сарын 14-нд ажил дуусна.
17-р сургуулийн уулзвараас Наран багийн 74-р гудамжны уулзвар хүртэлх авто замын тохижилтын ажлыг "Хүчит зам" ХХК гүйцэтгэж байна.