СҮХБААТАР: Аймгийн Засаг дарга тэгш ой тэмдэглэх сумдад ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны
зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга М.Идэрбат түүхт ойгоо тэмдэглэх сумдадаа ажиллаж дууслаа. Баяндэлгэр суманд түүхт 100 жилийн ой угтсан бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил тавдугаар сард эхэлсэн бөгөөд энэ оны 10 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Мөн энэ онд төрийн албан хаагчид зориулсан найман айлын орон сууцыг барьж, ашиглалтад оруулахаар болжээ.
Олон жил гацсан сумын Гандангийн барилгын ажлыг нутгийн уугуул иргэдийн дэмжлэгээр үргэлжлүүлэн барьж байна.
1.7 км газарт цахилгааны 0,4 шугамын өргөтгөл, сумын төвийн 30 цэгийг камержуулах, соёлын төвийн текник хэрэгслийг сайжруулах, ЕБС-ийн 160 хүүхдийн дотуур байрны холболтын зураг төсөл, нийтийн гудамж талбайн засвар, гэрэлтүүлэг засварлаж нэмэгдүүлэх, гүн өрмийн худаг гаргах зэрэг ажлуудыг аймаг, сумын төсвийн хөрөнгөөр хийж байна.
Мөн тус сумыг нэгдсэн инженерийн шугам сүлжээнд холбох ажил удахгүй
эхэлнэ.
Тус ажлын гүйцэтгэгчээр шалгарсан компани гэрээгээ байгуулж, сумын нөхцөл байдалтай танилцаад явжээ. Тухайн ажлыг 2 үе шаттай хийх бөгөөд 2027 оны 6 дугаар сард дуусгахаар төлөвлөжээ.
Аймгийн
Засаг дарга М.Идэрбат суманд хийж буй хөрөнгө оруулалт ажлын явцтай танилцаж, мэдээлэл солилцлоо. Мөн сум орон нутагт тулгамдаж буй асуудлыг сонсож цаашид
анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өгөв.
Ой
тэмдэглэх бүх суманд бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь дуусгаж, цэвэрлэгээ хийх, гэр хорооллын хашаа өнгө үзэмж, эмх цэгцэд анхаарах, нийтийг хамарсан ажилд төрийн байгууллагын албан хаагчид болон иргэдийг татан оролцуулах, хамгийн гол нь баяр наадмын үндсэн зохион байгуулалтыг өндөр түвшинд хийх, морь бүртгэх, мордох болон баяр
наадмын хөтөлбөрийн цагийг баримтлахыг онцгойлон анхаарууллаа.