АНУ, Европын Холбоо худалдааны гэрээ байгуулахаар тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-07-28 09:22:11

ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 28 /DW/. АНУ болон Европын Холбоо /ЕХням гарагт худалдааны гэрээ байгуулах тохиролцоонд хүрснээр олон сарын турш үргэлжилсэн мухардалд цэг тавилаа.


Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйентай Шотландад хэлэлцээ хийснийхээ дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, бид тохиролцоонд хүрлээ, энэ бол хүн бүрд ашигтай гэрээ гэв.


Харин У.Ляйен мэдэгдэхдээ Бид дэлхийн хамгийн том хоёр эдийн засгийн хооронд худалдааны гэрээ байгууллаа. Энэ бол маш том гэрээ. Энэ бол асар том гэрээ” хэмээн хэлжээ. ЕХ-ны эрх баригчид ирэх наймдугаар сарын 1-ний өдрөөс өмнө Вашингтонтой гэрээг эцэслэн байгуулахыг эрмэлзэж байсан юм.


Энэхүү гэрээ нь тогтвортой байдал, урьдчилан таамаглах боломжтой нөхцөл байдлыг авчрах болно. Эдгээр нь Атлантын далайн хоёр эргийн бизнес эрхлэгчдийн хувьд маш чухал юм гэж тэрбээр нэмж хэлсэн байна.


Хэлэлцээний өмнө баасан гарагт Д.Трамп хэлэхдээ, ЕХ-той тохиролцоонд хүрэх магадлал 50-50 хувьтай гэж байв.


ЕХ-АНУ-ын худалдааны хэлэлцээрт юу багтсан бэ?

Авто машин болон бусад бүх бараанд 15 хувийн татвар ногдуулахаар бид тохиролцсон” гэж Д.Трамп хэлжээ. Одоогийн байдлаар ЕХ-ны ихэнх бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар, авто машин болон машины эд ангид 25 хувийн татвар ногдуулж байгаа юм.


Харин 50 хувийн татвар ногдуулж буй ган, хөнгөн цагаанд дээр дурдсан татварын хувь хэмжээ хамаарахгүй ажээ.


ЕХ мөн АНУ-аас 750 тэрбум долларын /638 тэрбум евро/ эрчим хүч худалдан авах, 600 тэрбум долларын нэмэлт хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон гэж Д.Трамп мэдэгдсэн байна.


АНУ-ын эрчим хүчний бүтээгдэхүүнийг худалдан авах нь бидний нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлж, Европын эрчим хүчний аюулгүй байдалд хувь нэмэр оруулах болно. Бид Америкийн шингэрүүлсэн байгалийн хий, газрын тос, цөмийн түлшний томоохон худалдан авалтаар Оросын хий, газрын тосыг орлуулах болно гэж У.Ляйен сэтгүүлчдэд хэлжээ.


Худалдааны гэрээ ЕХ-ны хувьд ямар ач холбогдолтой вэ?

Худалдааны гэрээг байгуулснаар ЕХ-ны бүх бараанд 30 хувийн татвар ногдуулна гэх Д.Трампын долоодугаар сарын 12-ны заналхийлсэн шинжтэй мэдэгдлээс тус холбоо зайлсхийх юм.


15 хувийн татвар ногдуулах шийдвэр нь энэ долоо хоногийн эхээр Японтой зарласан гэрээнийхтэй ижил байна. Гэхдээ яриа хэлэлцээ эхлэх үед У.Ляйен аж үйлдвэрийн бараанд харилцан 0 хувийн татвар ногдуулахыг” санал болгож байсантай харьцуулахад ихээхэн буулт хийсэн байна.


Гэсэн хэдий ч ЕХ-ны тэргүүний хэлснээр, нисэх онгоц, нисэх онгоцны эд анги, зарим химийн бодис, хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүн зэрэг хэд хэдэн стратегийн бүтээгдэхүүнд харилцан 0 хувийн татвар ногдуулахаар тохиролцжээ. Одоо худалдааны гэрээг нийт 27 гишүүн орон батлах шаардлагатай.


Дээрх мэдэгдлийг хийсний дараа Германы Канцлер Фридрих Мерц худалдааны хэлэлцээрийг сайшаажээ. “Бид экспортод чиглэсэн Германы эдийн засагт хүнд цохилт болох худалдааны зөрчилдөөнөөс сэргийлж чадлаа” гэж Ф.Мерц X хуудсандаа бичсэн байна.

Холбоотой мэдээ