ДАРХАН-УУЛ: Оюутан цэрэг хөтөлбөр гурав дахь жилдээ хэрэгжлээ

ФОТО МЭДЭЭ
174@montsame.mn
2025-08-11 13:38:43

Дархан, 2025 оны наймдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтыг анх 2014 оноос хойш 11 дэх жилдээ зохион байгуулж байна. Уг цэргийн мэргэжил олгох хөтөлбөрийг Дархан-Уул аймаг гурав дахь жилдээ амжилттай хэрэгжүүллээ.



Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн хээрийн бэлтгэлийн баазыг түшиглэн хэрэгжүүлдэг бөгөөд энэ жил 79 оюутан залуус сургалтын хөтөлбөрт хамрагджээ. Хавар дөрөвдүгээр сараас эхлэн танхимын сургалтад хамрагдаж, зургаадугаар араас эхлэн хээрийн бэлтгэлт амжилттай суралцсан оюутан залуус өнөөдөр  тангаргаа өргөлөө.


 


Улс орны батлан хамгаалах чадавхыг сайжруулах, дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг нэмэгдүүлэх, төрийн алба хаших, батлан хамгаалах бэлтгэлтэй иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор оюутан залуусыг их, дээд сургуульд суралцах хугацаандаа цэргийн алба хаах боломжийг бүрдүүлж байна. Цэрэг-эх оронч үзэл, хүмүүжилтэй, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдрын болон сэтгэл зүйн тэвчээртэй болгон төлөвшүүлж байгаа нь олон нийтийн дэмжлэгийг авч тус сургалтын эрэлт, хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдэж буйг албаныхан онцоллоо.



 

Энэ жил аймгийн хэмжээнд 136 оюутан уг хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ өгч бүртгүүлснээс 79 оюутан хамрагдсан байна. Өнгөрсөн жил 54 оюутан уг хөтөлбөрт хамрагдаж тангараг өргөжээ.

 

Тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутан, залуус цэргийн жинхэнэ алба хаагчдын адил эрүүл мэндийн үзлэг, бие бялдрын өв тэгш байдал, биеийн тамирын шалгалт зэрэг тусгай шалгуурыг хангасан тохиолдолд тэнцдэг гэдгийг ч албаныхан тодотгож байлаа.

 


Ташрамд Дархан-Уул аймаг дахь ШУТИС-ийн Дархан технологийн сургууль, АШУҮИС-ийн Анагаахын сургууль, ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь Агро экологи, бизнесийн сургууль, Дархан дээд сургууль, Дархан политехник коллежийн оюутнууд хөтөлбөрт хамрагдаж байна.