СЭЛЭНГЭ: Амт, чанар сайтай, шинэхэн ургацын төмс хэрэглэгчиддээ очлоо

ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД | ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ
otgontsetseg@montsame.mn
2025-08-13 13:45:47

Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Орхон сумын ногоочид эрт ургацын төмсний зах зээлийг ханган ажилладаг. Тус сумынхан 7-р сарын 23-наас шинэхэн ургацын төмсөө хэрэглэгчиддээ нийлүүлж эхэлжээ.

 

Орхон сумын брэнд болсон Шийрийн сууринд тариалж байгаа энэхүү эрт ургацын төмс нь шар үрийн буюу сайжруулсан үрийн ялзралт багатай, амт чанар сайтай, түргэн болцтой гэдгээрээ онцлог юм.

 

Тус сумын ногоочид энэхүү амт, чанар сайтай шинэ ургацын төмсөө иргэддээ хүргэхээр сав баглаандаа ч анхаарч савлагааны тодорхой хэсгийг нь шийдсэн байна.

 

Орхон сум энэ жил нийт 25,105.73 га эргэлтийн талбайд тариалалт хийжээ. Үүнээс 8 аж ахуйн нэгж, 14 иргэн 237 га талбайд эрт ургацын төмс тарьсан байна.

 

Одоогийн байдлаар тариаланчид 750 тонн эртийн төмс, 8 тонн сонгино, 90 тонн тарвас хураан авч, дотоодын зах зээлд нийлүүлжээ.  

 

Орхон сум далайн түвшнээс дээш 600-620 метрийн өндөрт оршдог, дулааны өдрүүд олонтой тул Монгол Улсад хамгийн түрүүнд эрт ургацын төмс хураах боломж бүрддэг байна.  

 

Тус сум энэ онд Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд тариалангийн талбайн хөрс хамгаалал, хөрсний үржил шимийг сайжруулах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тариалангийн талбайн хөрс хамгаалах ажлыг хийжээ.

 

Энэ хүрээнд 12.2 км урт ойн зурвас байгуулж, 12.2 мянган улиас, хайлаасны суулгац тарьж, хоёр худаг шинээр гаргасан байна. Мөн 12.2 км хамгаалалтын хашаа барихад шаардлагатай 2960 ширхэг төмөр, бетон шонг 7 аж ахуйн нэгж, 39 иргэнд олгожээ. 

Холбоотой мэдээ