Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга ажлаа хүлээлгэж өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-11-11 10:30:50

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Дамдинсүрэн өөрийн хүсэлтээр ажлаа ажлаасаа чөлөөлөгдлөө. Түүний ажлыг аймгийн Засаг даргын захирамжаар Нэгдсэн эмнэлгийн чих, хамар хоолойн эмч М.Үүрийнбаяр түр орлон гүйцэтгэх боллоо.

Л.Дамдинсүрэн төрийн байгууллагад 39 жил ажилласны 30 жилд нь Нэгдсэн эмнэлгийн дарга, Аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, Эрүүл мэндийн газрын дарга зэрэг удирдах албан тушаалыг хашжээ. Тэрээр ажлаа хүлээлгэж өгөхдөө, сүүлийн 6 жил аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллах хугацаандаа хийж хэрэгжүүлсэн ажлаа болон цаашид эрүүл мэндийн салбарт анхаарч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа ажлуудын талаар эрүүл мэндийн салбарын хамт олон, аймаг орон нутгийн удирдлагууд, шинээр томилогдсон удирдлагад дэлгэрэнгүй танилцуулсан юм. Ажиллах хугацаандаа цахим эрүүл мэнд системийг аймагтаа нэвтрүүлснээр эрүүл мэндийн байгууллагууд хоорондоо интернэтээр холбогдон ажиллах боломж бүрдэж, аймгийн эрүүл мэндийн салбарын 2030 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрийг боловсруулсан, сувилахуйн тусламж үйлчилгээний үр дүнгээр сүүлийн жилүүдэд улсад тэргүүлж байгаа, жил бүр малчны хотонд иргэндээ хүрч үйлчилдэг болсон зэрэг олон ажлыг хийж хэрэгжүүлжээ.

Цаашид Эрүүл мэндийн салбарын хамт олны цалин хөлсийг нэмэгдүүлэх, ачааллыг тэнцвэржүүлэх эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүд залуужиж байгаа учраас мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх шаардлагатай байгаа тул анхаарлаа хандуулан ажиллахыг хүсч байлаа.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ