СЭЛЭНГЭ: Хүнсний ногоо, хүлэмжийн тариалан эрхлэгчдийн ургац хураалт ид өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-08-28 13:13:10

Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг өнгөрсөн хавар төмс 3,1 мянган га-д, хүнсний ногоо 8,2 мянган га талбайд тус тус тариалсан.


Тус аймгийн хүнсний ногоо, хүлэмжийн тариалан эрхлэгчдийн хувьд ургац хураалтаа долоодугаар сарын сүүлээр эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Орхон сумын Шийр багийнхан эрт ургацын төмсний хураалт, Зүүнбүрэн, Шаамар, Орхон сумуудад ил талбайн өргөст хэмх, бөөрөнхий сонгинын хураалтаа явуулж байна.

 

Энэ жилийн тухайд хүнсний манлай Багро үйлдвэрийнхэн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд өргөст хэмх хүлээн авах, сортлох, цэг байгуулан ажиллаж байна. Энэ нь ногоочдыг ургацаа талбайгаас үйлдвэрт шууд борлуулах боломжоор хангаж байгаа юм.


Мөн Шаамар сумын хүлэмжийн аж ахуй эрхлэгчид хоёр дахь хураалтаа дуусгаж, гурав дахь удаагийн хураалтаа ид явуулж байна. Тэд сүүлийн ургацаа 10 дугаар сард хураан авах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэв. 

Холбоотой мэдээ