Замын халтиргаанаас болж иргэд гэмтэж бэртэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-11-11 12:41:20

Увс аймгийн Улаангом суманд цас их орж хүйтэрсний улмаас хальтиргаа гулгаа нэмэгдсэн байна.

Сүүлийн өдрүүдэд аймгийн Нэгдсэн эмнэлэгт хальтирч унаснаас үүдэн хөл, гараа гэмтээсэн, толгой тархи нь доргисон өвчнүүд ихсэх болжээ. Иймээс Улаангомын гудамж талбайгаар явган зорчихдоо болгоомжтой явахыг мэргэжлийн эмч нар зөвлөж байна. Явган зорчиж яваад халтирч унаснаас үүдэн бэртэж гэмтсэн долоон өвчтөн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хөлөө хугалсан, гарын шууны яс нь цуурсан, толгой доргисон зэрэг оноштой аж.

Улаангом сумын Хотын хөгжил, цэцэрлэгжүүлэлтийн газраас аймгийн төвийн уулзвар, гарцуудад элс хайрга, давс асгаж байгаа ч олигтой үр дүнгүй байна. Цас орж огцом дулаарч, хүйтэрснээс үүдэн мөстсөн зам талбайг яаралтай цэвэрлэх хэрэгтэй байна.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ