Ч.Ундрам сайд Өвөрхангайн урлаачид соёлын үнэт өв бүхий монгол гутал захиаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-09-09 13:01:54

Арвайхээр, 2025 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд.Ч.Ундрам Өвөрхангайн урлаачид үнэт өв шингэсэн монгол гутал захиалжээ.


Тэрбээр “Нүүдэлчин-2025 дэлхийн соёлын наадамд амжилттай оролцсон Өвөрхангайн отогт зочилж, өвлөн уламжлагчдад талархал илэрхийлэхийн зэрэгцээ монгол гутал урлаач Т.Очирпүрэвийн уламжлалт гар аргаар урласан нанжин гахай ширэн монгол гутлыг ихээхэн сонирхсон байна. Мөн төрийн үйл ажиллагааны үеэр өмсөх, үнэт зүйл, ур шингэсэн монгол гутал хийлгэх захиалга өгчээ.


Аймгийн ССАЖГ-ын Соёлын хэлтсийн дарга Л.Пүрэвлхам хэлэхдээ, “Түүхэнд төрийн эрх барьж буй тэргүүн, сайдууд тухайн улсынхаа хамгийн шилдэг урлаачдаар төрийн хүндэтгэлийн болоод өөрсдийн эдлэл хэрэглэлийг урлуулдаг байсан. Энэ уламжлалаар салбарын сайд өндөр түвшний өв болохуйц гар хийцийн монгол гутлыг Өвөрхангайн урлаачид захиаллаа. Энэ нь манай урчуудад өгч байгаа үнэлгээ болов уу” гэсэн юм.


Өвлөн уламжлагч Т.Очирпүрэв нь удмынхаа дөрөв дэх үеийн урлаач бөгөөд өвөө, ааваасаа өвлөсөн багаж хэрэгслээ нандигнан хэрэглэж, уламжлалт гар урлалаа хөгжүүлж явна. Тэрбээр 2003 оноос эхлэн монгол гутал урлажээ. 



Холбоотой мэдээ