“Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гаас оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-11-12 14:25:52

Өмнөговь аймгийн оюутнуудын дунд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гаас оюутаны тэтгэлэгт хөтөлбөр зарлаад байна.

“Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн санхүүжилтийн удирдамжид заасны дагуу “Оюу толгой” ХХК-иас тус санд хүлээн авсан санхүүжилтийн тодорхой хувиар “Өмнөговийн ирээдүй хойч үеийн сан”-г үүсгэн байгуулж, уг сангаас Өмнөговь аймгийн ирээдүй хойч үе болсон оюутан залуусыг дэмжиж, “Говийн оюу-Оюутны тэтгэлэг” хөтөлбөрийг зарлаж байгаа ажээ.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймагт нэн тэргүүнд шаардлагатай байгаа  мэргэжлээр магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд амжилттай суралцаж буй  оюутнуудын тухайн жилийн сургалтын төлбөрийг сонгогдсон “Хөтөлбөр удирдах байгууллага”-аар дамжуулан олгох юм байна. Тус аймагт нэн тэргүүнд ерөнхий мэргэжлийн их эмч, сувилахуй, соёл урлагийн салбарын мэргэжилтэн, сургуулийн өмнөх боловсролын болон бага ангийн багш, дуу хөгжим, технологи, биеийн тамир, математикийн багш, хөдөө аж ахуй, байгаль орчин, инженер /барилга, архитектор, зам гүүр, нисэх, төмөр зам, уул уурхай, барилгын зураг төсөв, дулаан, цахилгаан, сэргээгдэх эрчим хүч/ зэрэг мэргэжлүүд шаардлагатай байгаа юм.

Дээрх тэтгэлэгт Өмнөговь аймгийн харъяат, өдрийн ангийн хоёр болон түүнээс дээш курсын, 3.2-оос дээш голч дүнтэй оюутнууд байх шаардлагатай гэнэ.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ