Өвөр Монголын соёлын өдрүүд эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-16 15:05:27

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Хятад орныг таних мэдэх “Өвөр Монголын соёлын өдрүүд”-ийг өнөөдөр албан ёсоор нээлээ.


Улаанбаатар хотод 13 дахь удаагаа болж буй энэхүү үйл ажиллагааны нээлт болгож “Хятад, Монголын найрамдлыг бэхжүүлж хамтын ажиллагаа хамтын хөгжлийг ахиулъя” сэдэвт үзэсгэлэнг Уран зургийн галерейд олны хүртээл болголоо.  Мөн улс төр, эдийн засаг, соёл, нийгэм, экологийн соёл иргэншил, хятад хэл сурах бичиг, хүүхдийн уран зохиолын шилдэг 600 гаруй номыг дэлгэжээ. Номын үзэсгэлэнд “Ши Жиньпин: Төр улсыг засах тухай” хэмээх бүтээлийг уншигчдад танилцуулсан юм. Үзэсгэлэнгийн нээлтэд ССАЖЗЯ-ны Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Мөнхзул, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань тэргүүтэй албаныхан оролцлоо.


Уран зургийн галерейд дэлгэсэн үзэсгэлэн "Найрамдлын гэрч" Монгол, Хятадын найрамдлын түүх, Хятадын сэдэвт ном, уран бичлэгийн бүтээл, "Сайн хөршийн цонх" гэрэл зураг, Түшээтийн хатгамал, Монгол анагаах ухааны эмч нарын сайн дурын эмчилгээ ба солилцоо, Хятадын умард хилийн бүсийн соёлын бүтээлч бүтээгдэхүүн гэсэн долоон хэсгээс бүрдэж байгаа юм. 


Гурав хоног үргэлжлэх соёлын өдрүүдийн хүрээнд өнөөдөр “Аз жаргалын хотхон 5” олон ангит киноны нээлтээс гадна Өвөр Монгол, Монголын уран бүтээлчид Тэргэл сарны баярыг угтах урлагийн тоглолтыг Соёлын төв өргөөнд үзэгчдийн сонорыг мялааж байна. Түүнчлэн “Prime Cineplex”, “Тэнгис” кино театрт “Нэйжа-2: Хувилгаан хүү далайг түйвээсэн нь”, “Цагаан могойн үлгэр: Хаан амилсан нь”, “Лай фу зочид буудал”, “Дэргэд минь ирээч”, “Сэжигтнийг аварсан нь” зэрэг дэлгэцийн бүтээлийг монголчуудад үзүүлж, Монгол, Хятадын кино уран бүтээлчдийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөжээ.

























Холбоотой мэдээ