ХӨВСГӨЛ: Эрлийн ажиллагаа 3 дахь өдрөө үргэлжилж 300 гаруй хүн оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн Сайхан мод гэх газарт төөрсөн хүүг эрэн хайх ажиллагаа өнөөдөр 3 дахь өдрөө үргэлжилж байна.
Тариалан сумаас хойд зүгт 30 км зайд мод бэлтгэлийн ажил хийж байсан иргэн Ц-гийн хоёр настай хүү нь эцэг эхийнхээ түр холдсон хугацаанд машиндаа унтаж байгаад сураггүй болсон.
Эрэн хайх ажиллагаанд ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Булган аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх аврах, салбар, Цагдаагийн газрын Тариалан сумын сум дундын хэсэг, Тариалан сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан мэргэжлийн анги, аймгийн ЗДТГ, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай салбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын ажилтнууд, ар гэрийнхэн, нутгийн иргэд нийт 324 хүн, 1 нисдэг тэрэг, 1 эрэлч нохой, 4 дрон, 104 автомашин, 15 мотоцикл, 34 морьтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.