Ахлах сургуулийг хөгжүүлэх, тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр хамтран ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-23 15:31:12

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Боловсролын ерөнхий газар, Японы Шизуока мужийн нэгдсэн сургалтын төв хооронд байгуулсан хамтран ажиллах ойлголцлын бичгийн хүрээнд тус мужийн Боловсролын сургалтын төвийн орлогч захирал Ямазаки Күмико, Боловсролын сургалтын төвийн ахлах ангийн бодлого хариуцсан хэлтсийн ахлах мэргэжилтэн Цүжи Ёсүкэ нар энэ сарын 22-27-нд Улаанбаатарт ажиллаж байна.


Энэ үеэр Монгол, Япон улсын боловсролын салбарын мэргэжилтнүүд багшийн мэргэжил дээшлүүлэх, ахлах сургуулийг хөгжүүлэх, тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр харилцан туршлагаа солилцож хамтран ажиллах юм.



Боловсролын ерөнхий газрын мэргэжилтнүүд ирсэн зочдод Монголын боловсролын салбарын өнөөгийн байдал, анхаарч буй асуудлууд , монгол хүүхдүүдийн эх хэлний боловсрол, ICT-г боловсролын салбарт ашиглалт, хөгжүүлэлт, багш солилцооны хөтөлбөрийн үр дүн, багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт үйл ажиллагаанд туссан байдал, багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалт, Монгол Улсын тусгай хэрэгцээт боловсролын онцлогийг танилцууллаа.


Японы Шизуока мужийн боловсролын сургалтын төвийн мэргэжилтнүүд хичээлийн явцыг сайжруулах арга, тулгарах асуудлууд, сурагч бие даан судалгаа хийх орчин бүрдүүлэх, Япон улсын тусгай хэрэгцээт сургуулийн менежмент, багш нарын арга, туршлагын талаар сургалт зохион байгуулж, мэдээлэл өгснөөс гадна ерөнхий боловсролын сургуулиудад очих ажиллах аж. 

Холбоотой мэдээ