Ши Жиньпин уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилтуудаа танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-09-25 10:38:35

БЭЭЖИН, 2025 оны есдүгээр сарын 25 /Xinhua/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Нью-Йорк хотноо лхагва гарагт болсон НҮБ-ын уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалтад цахимаар үг хэллээ.


Парисын хэлэлцээрийг байгуулсны 10 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан улс орнууд Үндэсний хэмжээнд шинээр тодорхойлсон хувь нэмрээ танилцуулах чухал жил болж байгааг, мөн уур амьсгалын асуудлаарх дэлхий дахины хамтын ажиллагаа гол үе шатандаа орж байгааг тэрбээр онцлоод, дараах гурван саналыг дэвшүүлсэн байна


Нэгдүгээрт, итгэлцлийг бэхжүүлэхийн чухлыг Ши Жиньпин онцолсон байна. Ногоон болон нүүрсхүчлийн хий бага ялгаруулах технологи руу шилжих нь өнөө цаг үеийн чиг хандлага юм. Зарим улс орон үүний эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа боловч олон улсын хамтын нийгэмлэг зөв чиглэлд анхаарлаа хандуулж, итгэл үнэмшилдээ тууштай байж, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахын сацуу уур амьсгалын асуудлаарх дэлхий нийтийн хамтын ажиллагаанд илүү эерэг эрч хүч өгөх үүднээс үндэсний хэмжээнд оруулах хувь нэмрээ шинээр тодорхойлж, хэрэгжүүлэхийг хичээх ёстой гэж тэрбээр хэлжээ.


Хоёрдугаарт, Ши Жиньпин үүрэг хариуцлагаа биелүүлэхийг уриалав. Шударга ёс, тэгш байдлыг дээдэлж, хөгжиж буй орнуудын хөгжлийн эрхийг бүрэн хүндэтгэх ёстой гэж тэрбээр хэлсэн байна. Дэлхий нийт ногоон технологи руу шилжих нь Өмнөд-Хойдын хоорондын ялгааг нэмэгдүүлэх бус харин багасгахад чиглэх ёстой. Улс орнууд нийтлэг боловч өөр хоорондоо ялгаатай үүрэг хариуцлагын зарчмыг баримталж, хөгжингүй орнууд хорт хийн ялгарлыг бууруулах үүргээ биелүүлэхэд манлайлан оролцож, хөгжиж буй орнуудад илүү их санхүү, технологийн дэмжлэг үзүүлэх ёстой гэж тэрээр нэмж дурдсан байна. 


Гуравдугаарт, БНХАУ-ын дарга хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн чухлыг онцлоод, ногоон үйлдвэрлэлийн хүчин чадлын дутагдлыг арилгахын тулд ногоон технологи, аж үйлдвэрийн олон улсын зохицуулалтыг эрчимжүүлж, чанартай ногоон бүтээгдэхүүнийг дэлхийн хэмжээнд чөлөөтэй нэвтрүүлэх боломжийг баталгаажуулж, ногоон хөгжлийн үр өгөөжийг дэлхийн өнцөг булан бүрд хүртээх ёстой хэмээн мэдэгдсэн байна.


Ши Жиньпиний зарласан Хятадын шинэ Үндэсний хэмжээнд шинээр тодорхойлсон хувь нэмэрт дурдсанаар, Хятад 2035 он гэхэд эдийн засгийн бүх салбараас гарч буй хүлэмжийн хийн ялгарлыг оргил түвшнээс 7-10 хувиар бууруулах бөгөөд үүнээс илүү үр дүнд хүрэхийг хичээнэ; мөн эрчим хүчний нийт хэрэглээнд олборлодоггүй түлшний эзлэх хувийг 30 гаруй хувьд хүргэх; салхи, нарны эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг 2020 оны түвшнээс зургаа дахин нэмэгдүүлж, нийтдээ 3600 гигаваттад хүргэхийг зорих; ойн нөөцийн нийт хэмжээг 24 тэрбум шоо метр болгон нэмэгдүүлэх; шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийг шинэ тээврийн хэрэгслийн борлуулалтад зонхилох хэмжээнд хүргэх; нүүрстөрөгчийн ялгарлын арилжааны үндэсний зах зээлийг ийм хийг их хэмжээгээр ялгаруулдаг томоохон салбаруудыг хамруулах зорилгоор өргөжүүлэх; мөн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай нийгмийг бий болгохоор тусгажээ.


Эдгээр зорилт нь Парисын хэлэлцээрийн шаардлагуудад тулгуурласан Хятадын хамгийн өндөр хүчин чармайлт болж байгааг тэрбээр дурдаад, тэдгээрийг биелүүлэхийн тулд БНХАУ өөрөө хичээнгүйлэн ажиллах шаардлагатайгаас гадна, олон улсын дэмжлэг бүхий нээлттэй орчин хэрэгтэй гэдгийг онцолжээ. Тэрбээр мөн БНХАУ улс үүрэг амлалтуудаа биелүүлнэ гэдэгтээ зоримог, итгэлтэй байгааг хэлсэн байна.


Уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах нь яаралтай хэрнээ урт хугацаа шаардсан ажил мөн гэж Ши Жиньпин хэлээд, байгальтайгаа зохицон амьдрах, гараг дэлхийгээ хамгаалахыг бүх талд уриалжээ.

Холбоотой мэдээ