СҮХБААТАР: Цахим залилангийн гэмт хэрэг буурахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-10-03 12:39:42

Баруун-Урт, 2025 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. 2025 оны эхний есөн сарын байдлаар Сүхбаатар аймгийн хэмжээнд залилангийн гэмт хэрэг 59 бүртгэгдсэнээс 41 нь цахим залилан байна. Өөрөөр хэлбэл тус аймагт цахим залилангийн гэмт хэрэг буурахгүй байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.


Ялангуяа телеграмм сүлжээнд болон азтан шалгаруулах шууд лайвд оролцож хохирох тохиолдол элбэг байна. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас иргэдэд нийт 340 сая төгрөгийн хохирол учирчээ. Хамгийн дээд тал нь 99 сая төгрөгөөрөө нэгэн иргэн хохирчээ.


Мөн өвлийн идэшний цаг ойртсонтой холбоотойгоор мал зарна гэсэн хуурамч зар мэдээлэлд итгэж хохирогч болох тохиолдол ч цөөнгүй гарчээ.



Залилангийн гэмт хэргийн улмаас 85 хүн хохирсон. Залилангийн гэмт хэрэгт өртөж хохирсон шалтгаан нь хохирогчдын өөрсдийн буруутай үйлдлээс болж байгаа ч нийт хохирогчийн 92 хувь нь энэ төрлийн гэмт хэргийн талаар мэдлэг, мэдээлэлгүйн улмаас хохирч байгаа нь тогтоогдсон. Тиймээс гэмт хэргийн хохиргч болохоос урьдчилан сэргийлэх, нөлөөллийн нэгдсэн арга хэмжээг өрнүүлж нийтийн эзэмшлийн зам талбай, гэр хорооллын гудамжид самбар байршуулах, өрх бүрээр алба хаагчид явж яриа таниулга хийж, зөвлөмж хуудас тараах ажлыг хийж байна гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ