МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ

СЭЛЭНГЭ: Салбар бүрийн сайн туршлагыг түгээн нутагшуулах нь орон нутгийн хөгжлийн үндэс юм

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2025-10-08 10:08:40

Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хөдөө аж ахуйн салбарыг шинэ шатанд гаргах, туршлага солилцох, инновац, технологийн шилжилтийг нутагшуулах, орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой уулзалтын үеэр удирдлагууд “салбар бүрийн сайн туршлагыг түгээн нутагшуулах нь орон нутгийн хөгжлийн үндэс” гэдгийг онцоллоо.

 

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийн санаачилгаар 17 сум, 6 тосгоны удирдлагууд хөдөө аж ахуйн тэргүүлэгч компаниудтай танилцаж, санал бодлоо солилцох уулзалт Баянгол суманд өчигдөр боллоо.

 

Уулзалтад оролцогчид нэгдсэн бодлого, уялдаа холбоотой хөгжлийн чиглэлд хамтран ажиллах нь чухал гэдгээ илэрхийлж байв.

 

Тус уулзалтад аймгийн 17 сум, 6 тосгоны Засаг дарга болон холбогдох байгууллагын төлөөлөл нийт 30 гаруй хүн оролцож, “Шанддов” ХХК, “Майнд Теч” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцон, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойллоо.  

 

Баянгол суманд үйл ажиллагаагаа явуулдаг “Шанддов” ХХК нь газар тариалан, хүлэмжийн аж ахуй, мал аж ахуй, тэжээлийн үйлдвэрлэл, вирусгүй төмсний үржүүлэг, гүзээлзгэний тариалалт болон смарт технологийн хүлэмжийн бүтээн байгуулалт зэрэг олон чиглэлээр салбартаа тэргүүлэгч компаний нэг юм.

 

Харин “Майнд Теч” ХХК нь ургамлын тос болон малын тэжээлийн үйлдвэрлэл эрхэлж, дотоодын зах зээлд чанартай, эрүүл бүтээгдэхүүн нийлүүлж буй инновацлаг үйлдвэр гэдгээрээ онцлогтой.