Шинэ ажлын байр өсөөд байхад ажилгүй иргэдийн тоо нэмэгдсээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-11-16 11:34:57

Сүхбаатар аймгийн Статистикийн хэлтсээс өгсөн мэдээгээр ажил хайгчаар бүртгүүлсэн иргэдийн тоо 2016 оны эхний 10 сарын эцэст 992 болсон байна. Нийт ажил хайгчдын талаас илүү хувь нь буюу 462 нь эмэгтэйчүүд байгаа юм. Эдгээр ажил хайгчдын 840 нь огт ажилгүй иргэд байгаа нь өмнөх оноос 4,5 хувь буюу 40 хүнээр өссөн байна.

Харин шинэ ажлын байр 448 бий болсон нь өмнөх жилүүдээс эрс өссөн бөгөөд 109,8 хувиар өссөн байгаа юм. Үүний 113 нь хөдөө аж ахуйн салбарын ажлын байр байна. Шинэ ажлын байр нь ингэж өсөөд байхад ажилгүй иргэдийн тоо дагаад өсөөд байгаа нь шаардлагатай мэргэжилтэн орон нутагт бэлтгэгдэж ирэхгүй  байгаатай холбоотой гэнэ. Сүхбаатар аймагт хийгдэж байгаа томоохон ажлууд дээр ихэвчлэн гадны хүмүүс ирж ажилладаг нь үүний нэг жишээ юм. Харин биеийн хүчний ажил болоод мэргэжил шаардагдахгүй ажилд иргэд бүр болон түр ажиллах тохиолдол элбэг байдаг.

Нийт ажил хайгчдыг боловсролын түвшингээр нь авч үзвэл 53 хувь нь бүрэн дунд, 17,6 хувь нь дээд боловсролтой иргэд байгаа юм. Бага болон огт боловсролгүй хүн харьцангуй бага байна. Нийт ажил хайгчдын 1,1 хувь нь л огт боловсролгүй иргэд байна.Эхний 10 сарын байдлаар 2909 ажилгүй иргэн шинээр бүртгүүлсэн бөгөөд үүний 470 иргэн нь бүр болон түр ажлын байранд зуучлагдан оржээ.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ