Жирийн нэгэн иргэн “шар хантаазтан”-уудад туслав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2016-11-16 15:37:42

Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн иргэн Ж.Энхбаяр зам цэвэрлэгчид буюу “шар хантаазтан”-уудад өөрийн зүгээс сэтгэлийн бэлэг болгож хүнсний зүйлийг өнөөдөр гардуулж байхтай таарлаа.

Тэрээр өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч бусдаас дуталгүй хөдөлмөрлөж жижиг наймаа эрхлэн аж төрдөг гэнэ. Залуудаа өөрөө ч зам цэвэрлэх ажил хийдэг байсан учир тэдний зовлон, жаргалыг сайн мэдэхийн хувьд ийн баярлуулж байгаа тухайгаа тэр ярьж байлаа. Ирэх 12-р сарын 3-нд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэлхийн өдөр болно. Энэ өдрийг угтаж тэрээр жил бүр хүмүүнлэгийн ямар нэг үйл хийхийг зорьдог гэнэ.

Өглөө эрт ажилдаа гарч замаа цэвэрлэж байсан Чойбалсан хөгжил ОНӨҮГ-ын ажилчид санамсаргүй байж байгаад гарын бэлэг гардсандаа баярлаж байгаагаа илэрхийлж байсан. Зам цэвэрлэх хүнд хүчир энэ ажилд 18 хүн ажилладаг юм байна. Хөдөлмөрийн нөхцөл хүнд боловч цалин бага, шимтгэлээ төлөөд 305 мянган төгрөг гар дээрээ авдаг, илүү цагийн хөлс бодогддоггүй гэхчлэн бэрхшээл тоочиж байлаа.

Б.Туяа

 

Холбоотой мэдээ