Х.Милейгийн нам парламентын сонгуульд ялжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-10-27 16:58:55

БУЭНОС-АЙРЕС, 2025 оны аравдугаар сарын 27 /Anadolu/. Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милейгийн эрх баригч нам ням гарагт болсон парламентын сонгуулийн саналын хуудасны 96 хувийг тоолсны дараах байдлаар 40.8 хувийн санал авч ялалт байгуулжээ. 


Тодруулбал, Х.Милейгийн “Ла Либертад Аванза” нам сөрөг хүчний “Фуэрза Патриа” намыг ялсан байна. “Фуэрза Патриа” нам 24.5 хувийн санал авсан бөгөөд нийслэл Буэнос-Айрес, Кордоба, Санта-Фе, Мендоза зэрэг гол бүс нутгуудад ялалт байгуулжээ.


Аргентинчууд Төлөөлөгчдийн танхимын суудлын тэн хагас орчмыг /257-аас 127 суудал/, Сенатын танхимын гуравны нэгийг /72-оос 24/ шинэчлэх чухал сонгуульд саналаа өгсөн юм. Энэхүү сонгууль нь Ерөнхийлөгч Х.Милейгийн Засгийн газрын хувьд чухал ач холбогдолтой байсан бөгөөд түүний засаг захиргааг үнэлэх бүх нийтийн санал асуулга болно хэмээн шинжээчид үзэж байлаа. Сонгуулийн дүн нь олон нийтийн дэмжлэг ямар байгааг илэрхийлэх бөгөөд Конгрессоор дамжуулан томоохон шинэчлэлүүдээ хийх чадварыг нь тодорхойлох юм.


Тэгвэл “Ла Либертад Аванза” нам Төлөөлөгчдийн танхимд 64 суудал авч, гэнэтийн ялалт байгуулжээ. Ингэснээр ирэх 12 дугаар сарын 10-наас эхлэн Х.Милейгийн нам доод танхимын 257 хууль тогтоогчийн 94-ийг бүрдүүлнэ. Энэ нь олонх болоход хангалтгүй хэвээр байгаа боловч энэхүү томоохон амжилт нь ерөнхийлөгчийн хоригийг хадгалах, сөрөг хүчнийхний зүгээс явуулахаар сүрдүүлж байсан аливаа импичментийн үйл явцыг зогсооход хангалттай байх болно.


“Өнөөдөр түүхэн өдөр байлаа. Аргентины ард түмэн уналтыг ардаа орхиж, хөгжин дэвжих замыг сонголоо. Өнөөдөр бид эргэлтийн цэгийг давлаа. Өнөөдөр агуу Аргентины бүтээн байгуулалт эхэлж байна” гэж Ерөнхийлөгч Х.Милей мэдэгдсэн байна. Тэрбээр мөн “шинэ Конгресс чиглэлийг өөрчлөхөд чухал үүрэг гүйцэтгэнэ” гэж хэлээд томоохон шинэчлэлүүдийг хийхээ мэдэгджээ. Мөн 12 дугаар сарын 10-наас эхлэн бид эргэлзээгүйгээр Аргентины түүхэн дэх хамгийн шинэчлэгч Конгресстой болно гэж нэмж хэллээ.


Энэ удаагийн сонгууль нь сонгогчдын ирц багатай байснаараа онцлог байжээ. Үндэсний сонгуулийн танхимын мэдээлснээр, ням гарагт санал өгөх эрхтэй сонгогчдын 68 хүрэхгүй хувь нь саналаа өгсөн нь Аргентин 1983 онд ардчилалд дахин шилжсэнээс хойших хамгийн тааруу үзүүлэлт болжээ. Одоо эрх баригч нам Конгресс дахь байр сууриа мэдэгдэхүйц нэмэгдүүлэх боловч Сенат сөрөг хүчний хяналтад хэвээр байх болно.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс Х.Милейд сонгуульд ялсанд нь баяр хүргэжээ. “Тэрбээр гайхалтай ажил хийж байна! Бидний зүгээс түүнд хүлээлгэж буй итгэлийг Аргентины ард түмэн баталлаа” гэж Д.Трамп нийгмийн сүлжээний “Truth Social” платформ дээрээ бичжээ. Тэрбээр өмнө нь Х.Милейг сонгуульд дэмжиж байгаагаа илэрхийлж, сөрөг хүчин ялбал Өмнөд Америкийн тус улсад үзүүлэх тусламжаа зогсооно гэж сүрдүүлж байлаа. “Хэрэв тэрбээр ялагдвал бид Аргентинд өгөөмөр хандахгүй” гэж тэрбээр хэлж байв.

 


Холбоотой мэдээ