Утгын чимэг наадмыг сэтгүүлч Б.Лхагвасүрэнгийн "Яргуй нүдлэх цагаар" өгүүллэг өнгөлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batsaikhan@montsame.mn
2016-11-17 09:49:51

Өчигдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 16-ны 16 цагт Нацагдоржийн нэрэмжит  нийслэлийн номын сангийн бэсрэгхэн танхимд эхэлсэн  "УТГЫН ЧИМЭГ 2016" уран өгүүллэгийн наадам сайхан боллоо.

Энэ жилийн утгын чимгийг утга төгөлдөр хийх гэж оролдсон нь их зохиолчийнхоо нэрэмжит номын санг сонгосноос харагдана. Эрхэмсэг үзэгч цөөтэй ч элэг зүрх нь их утга зохиолоо гэсэн зохиолч, яруу найрагч, жинхэнэ утга зохиолын хорхойтнууд цугларснаараа цомхон агаад товхийсэн, тодорхой чансаа болоод зиндааг харуулав. Их зохиолчийн ойг жүжгээр эхлүүлж, хөшөөнд нь цэцэг тавьж хүндэтгэл үзүүлсэн Нацагдоржийн нэрэмжит УДЭТ-ын дарга, МУГЗ Д.Цэрэнсамбуу, нэрт зохиолч Д.Урианхай, МУСГЗ, Нацагдоржийн шагналт яруу найрагч Дан.Нямаа, МУСГЗ, орчуулагч Ж.Нэргүй тэргүүтэн, уран уншигч МУГЖ Г.Равдан тэргүүлсэн жүжигчид, өгүүллэгээ сойсон зохиолч, яруу найрагчдын гэр бүл, ах дүү, найз нөхөд...гээд үзэгчид нь ч сонгомол мэт ээ. Нацагдоржийн нэрэмжит номын сан энэ жилийн наадмыг нуруундаа үүрч буй нь сайшаалтай...харин үзэгчдийг өргөнөөр оролцуулах боломж хомс байгаа нь харамсалтай.

Энэ жилийн наадмыг Улсын төв номын сан, "Сүү амтагдсан шүлгийн мөрүүд" фб-ийнхэн, "Улирал ба зохиолч" сэтгүүл ивээн тэтгэж оролцов.
МЗЭ маань 1990 оноос 2014 он хүртэлх утгын чимэг наадамд түрүүлсэн өгүүллэгийн эмхэтгэл гаргаж түүнээ 5000 төгрөгийн такс болгон үзэгчдэд хүртээсэн нь урилга- билет орлуулсан эвлэг менежмент болжээ. Уг бэсрэг эмхэтгэлээс жил жилийн шилдэг өгүүллэгийг уншиж, анхны тэргүүн байр эзэлсэн Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Л.Түдэв, гурвантаа түрүүлсэн Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Догмид, хоёронтоо түрүүлсэн Төрийн шагналт, СГЗ Ц.Доржготов, Төрийн шагналт, СГЗ П.Пүрэвсүрэн, СГЗ Д.Намсрай нарын өгүүллэгийг амтархаж болохоор.

Энэ жилийн шигшмэл 10 өгүүллэгээс Монголын радиогийн сэтгүүлч Балсангийн Лхагвасүрэнгийн "Яргуй нүдлэх цагаар" өгүүллэг яах аргагүй уртай, ухаантай, уяруу бичлэгээрээ ялгарч түрүүллээ.
Удаах байрт "Болор цом"-ын эзэн яруу найрагч Б.Мягмаржавын " Хөххүү" , гуравт МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч П.Батхуягийн " Зэрлэг зөрлөг" өгүүллэг тус тус орлоо.
Тусгай байрт МУСГЗ зохиолч С.Пүрэвийн " Нарангарав", МЗЭ-ийн шагналт зохиолч Н.Бадамжавын " Цагаан суурин" өгүүллэг оров. Шүггчээр Төрийн соёрхолт Д.Норов, Монгол Улсын гавьяат багш Д.Галбаатар, МУСГЗ, утга зохиолын шүүмжлэгч Ү.Хүрэлбаатар нар ажилласан юм.
Утгын чимэг ийнхүү утга төгөлдөр боллоо.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ