Зам тээврийн ослоос сэргийлэх автомашины цуваа аялууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-11-17 15:07:58

"Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх дэлхийн нийтийн өдөр”-ийг жил бүрийн арваннэгдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Ням гарагт дэлхий даяар тэмдэглэдэг. Манай улс энэ өдрийг гурав дахь жилдээ тэмдэглэнэ. 

 “Зам тээврийн осолд өртөж, хохирсон иргэдийн дуу хоолойг сонсох өдөр” болгож, зам тээврийн ослын хор уршгийг олон нийтэд таниулах, амь нас, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн ар гэр, тэдний дуу хоолойг олон нийтэд хүргэх, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулах гэж байна.  Замын цагдаагийн албанаас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж,  зам тээврийн ослоос сэрэмжлүүлэх автомашины цувааг Замын цагдаагийн албаны байрнаас эхлэн нийслэлийн төв гудамжаар аялуулав. 

Монгол Улс дахь Зам тээврийн ослын статистик үзүүлэлтээс үзвэл,  Улаанбаатар хотын хэмжээнд 2016 оны эхний 10 сарын байдлаар 71003 зам тээврийн осол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 550 нэгж буюу 7,2 хувиар буурчээ. Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Я.Соронзонболд " Дэлхийд жилд 1.3 сая хүн зам тээврийн осол гэсэн энэ аймшигт үзэгдлийн улмаас амь нас нь хохирч 50 сая хүн гэмтэж бэртдэг гэх судалгаа бий. Монгол улсад зөвхөн ганц жилд  зам тээврийн ослын улмаас 3359 хүн  амь насаа алдаж 8000 гаруй хүн гэмтэж бэртсэн байгаа.   Зам тээврийн осол бол санаатайгаар хүний амь нас, эрүүл мэндийг хохироох, хүн алах, хулгайлах гэмт хэргээс өөр. Замын хөдөлгөөнд оролцож байгаа явган зорчигч, жолооч нарын санаандгүй болон хайнга байдлаасаа замын хөдөлгөөний нэг дүрэм зөрчсөнөөс болж аймшигт байдал үүсдэг. Хохирч байгаа иргэдийн дуу хоолойг энэ өдөр олон нийтэд дамжуулсан  мэссэжийг хүргэснээрээ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилготой" гэж ярив. 2015 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зөрчлийн оноо хасдаг болсон. Энэ нь жолоочийн нийтлэг гаргадаг 80 гаруй зөрчлөөс хамгийн эрсдэл бүхий 17 зөрчил дээр л жолоочийн зөрчлийн оноог тооцож байгаа.  2015 оны гарсан зам тээврийн нийт ослын 96.3 хувь нь зөвхөн жолоочийн буруутай үйлдлээс, 3.2 хувь нь явган зорчигчийн буруутай үйлдлээс, 0.01 хувь буюу 49 тохиолдол нь зам орчны буруу үйлдлээс гарсан байдаг. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг улсын хэмжээнд 13 хувиар, нийслэлд 14,5 хувиар, орон нутагт 11,3 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Түүнчлэн энэ оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 418 хүний амь нас хохирч, 1082 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Үүнээс нас барсан хүүхэд 48 буюу нийт нас барсан хүний 2 хувийг, гэмтсэн хүүхэд 199 буюу нийт гэмтсэн хүний 18,4 хувийг тус тус эзэлж байна. Үүнээс нийслэлийн хэмжээнд 109 хүний амь нас хохирч, 610 хүн гэмтсэн бол, орон нутагт 309 хүний амь нас хохирч, 471 хүн гэмтсэн байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ