ГОВЬ-АЛТАЙ: 315 тн махыг хүргэхээр Улаанбаатар хотыг зорилоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг 2025 оны 12 дугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн 15 сумаас бэлтгэсэн 315 тн махыг Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотын 757 иргэн, өрхөд хүрэхээр Улаанбаатар хотыг зорилоо.
Улаанбаатар хотод суугаа нутгийн иргэдийг эрүүл, шим тэжээл сайтай мах махан бүтээгдэхүүнээр хангах, мөн хотод амьдарч буй аймаг нутгийнхны өвлийн хүнсний хэрэгцээг орон нутгаасаа найдвартай, баталгаатай бэлтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор “Хүргэлт” нэгдсэн арга хэмжээ энэ жил 6 дахь жилдээ амжилттай эхэллээ.
Энэ удаагийн арга хэмжээний хүрээнд тус аймгийн 15 сумаас бэлтгэсэн 315 тонн махыг 757 иргэн, өрхөд хүргэх зорилттойгоор Улаанбаатар хотыг 12 дугаар сарын 2-ны өдөр зорилоо.
-“Ил арга хэмжээ нь Говь-Алтай аймагт үйлдвэрлэсэн чанартай, баталгаат мах, махан бүтээгдэхүүнүүдийг зорилтот бүлгийн иргэдэд шууд хүргэн нийлүүлж, орон нутгийн үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ нийслэлийн зах зээлд сурталчлан таниулах өргөн боломжийг бүрдүүлж өгдөг арга хэмжээ юм” гэдгийг тус аймгийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл хэлж байлаа.
Хүргэлтийн хүрээнд нийлүүлж буй мах нь тус аймгийн брэнд бүтээгдэхүүн болгон хөгжүүлж буй “Шимт богц брэнд” махны багц бөгөөд стандартын дагуу хайрцаглаж савласан нь ихээхэн онцлогтой юм. Улаанбаатар хотын иргэд өөрийн төрсөн нутаг, сумаа сонгон махаа захиалах боломжтой. Бид захиалгын дагуу тухайн сумын малчидтай холбогдож, махыг стандартад нийцүүлэн бэлтгэж, “Шимт богц” савлагаандаа хийж бэлдээгээд нийслэл рүү илгээж байна хэмээн ХХААГ-ын дарга Ж.Очир танилцуулсан юм.
Нутгийнхаа иргэдийг эрүүл, баталгаат хүнсээр хангах, орон нутгийн үйлдвэрлэгчдээ дэмжих зорилготой энэхүү аяныг зохион байгуулахад төрөөс ямар нэгэн санхүүжилт гардаггүй зөвхөн гүүр болон ажилладаг. Мөн малчид нэгдсэн журмаар гарал үүсэл, хүнсний аюулгүй байдлыг чанд сахин оролцдогоороо чухал ач холбогдолтойг албаныхан онцолж байлаа.
Улаанбаатар