Г.Батсайхан: Хаадын цэцэрлэгт хүрээлэнд 3116 нарс шилжүүлэн суулгасан

ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД | ТЭРБУМ МОД
otgontsetseg@montsame.mn
2025-12-03 15:12:30

Сүхбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан шинэ Хархориум хотын Хаадын цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийн ажлыг гүйцэтгэж байгаа “Тод газар” компанийн ерөнхий захирал Г.Батсайхантай ярилцлаа.

 

-Танай компани ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Манай компани 2006 онд ногоон байгууламж, гадаад худалдааны чиглэлээр байгуулагдаж, түүнээс хойш тасралтгүй 19 жил үйл ажиллагаагаа явуулж байна. Улсын чанартай томоохон төсөл хөтөлбөрүүдэд байнга оролцдог.

 

Энэ жил Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас 3500 ширхэг модыг шилжүүлэн суулгах зөвшөөрөл аваад Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан шинэ Хархориум хотын Хаадын цэцэрлэгт хүрээлэнд 9.6 га газарт 3116 ширхэг нарс шилжүүлэн суулгаад байна.

 

-Танай шилжүүлэн суулгасан модны ургалт хэр байгаа вэ?

-Одоогийн байдлаар 97 хувийн ургалттай байна. Намар явуулсан эрдэмтдийн хяналтаар 97 хувь нь нахиа зангидсан өвлийн бэлтгэлд бүрэн орсон байна гэсэн дүгнэлт гарсан. Бид ийм өндөр үр дүнг сонсоод амжилттай ажиллаж байна. 

 

-Компанийн үйл ажиллагаа Сэлэнгэ нутагтай ямар холбоотой ажиллаж байна?

-Бид Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд түймрийн халз зурвас байгуулсан. Энэ маань түймрээс хамгаалж, бүх модыг нь огтолдог юм. Тэр огтлох зурвас гаргах ажлын өмнө тэр зурвас газар дээр байгаа моднуудаас ногоон байгууламжийн стандарт шаардлагыг хангасан модыг авч шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Тэр ажил маань амжилттай, үр дүнтэй болсон.

 

Сэлэнгэ аймгийн БОГ-аас ажлын үр дүнг хэлэлцсэн тайлангийн хурал хийж байгаа нь аль аль талдаа хариуцлагатай, бидэнд хойшид хариуцлагатай ажиллах, стандарт журмаа байнга санаж мөрдөж явахад чухал алхам болж байна.

 

-Цаашид хийх ажлаасаа сонирхуулна уу?

-Цаашид Хаадын цэцэрлэгт хүрээнлэнг дахин 33 га-гаар нэмэгдүүлэх гэж байгаа. Тэнд их хаадын хөшөө баримлууд барина, түүнийг тойруулаад томоохон цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Энэ үйл ажиллагаанд манай компани үргэлжлүүлэн оролцоод явна.

 

-Ер нь мод шилжүүлэн суулгах үйл ажиллагааг та хэрхэн дүгнэж байгаа вэ? 

-Нэг талдаа мод шилжүүлэн суулгана гэдэг бол заавал огтлох шаардлагатай модыг л бид шилжүүлэн суулгах замаар байршлыг нь өөрчлөөд ногоон байгууламж хийж байгаа гэсэн үг.

 

Ер нь бол түймрийн халз зурвасыг улсын төсвийн хөрөнгөөр хөрөөдөөд газрыг нь хагалуулаад л модыг нь хаядаг л даа. Харин эсрэгээрээ шилжүүлэн суулгадаг компаниуд байснаараа эсрэгээрээ зардал гарах байсныг буцаагаад орон нутагт орлого болгон хувиргаж байна.

 

Ингэснээр энэ нь эдийн засгийн хувьд асар том хэмнэлт болохоос гадна орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ойн мэргэжлийн байгууллагуудад үр өгөөжөө өгсөн том ажил болж байгаа юм.

 

Холбоотой мэдээ