"Хариу нэхээгүй тус" аянаар дөрвөн өрхөд тусаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн Хүрмэн суманд "Хариу нэхээгүй тус" аян өрнүүлж дөрвөн өрхөд тусласан байна.
Уг аянг энэ сарын 7-18-ний өдрүүдэд өрнүүлсэн бөгөөд нийтдээ 6 төсөвт байгууллага, 1 ОНӨУҮГ, 10 аж ахуй нэгж байгууллага оролцжээ. Хүнд нөхцөлд амьдарч байгаа иргэдэд туслах зорилготой энэхүү аянаар "Хэнд юу байна, түүгээрээ туслъя" уриан дор зохион байгуулсан аж.
Тус аяны хүрээнд нийгмийн тусламж дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгаа зорилтот бүлгийн өрхүүдийг сонгон, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг нь шийдвэрлэх, цаашид авч болох арга хэмжээний талаар сум орон нутгийн удирдлагууд хэлэлцсэн байна. Ийнхүү дөрвөн өрхөд нийтдээ 1,564,500 төгрөгийн хоол хүнс, гэр ахуйн өргөн хэрэглэл, хүүхдийн болон том хүний иж бүрэн хувцас, түлээ нүүрс, аргал хөрзөн, дулаан баригч болон бусад эд зүйлсээр тусаллаа.
Д.Мишигсүрэн