Нидерландууд “МН-17”-гийн ослын шалтгааныг мөрдөн шалгаснаа тайлагнана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРГААГ. /TASS/. Нидерландууд Украины зүүн нутагт осолдсон Малайзын “Boeing” онгоцны ослын шалтгааныг мөрдөн шалгах ажлынхаа үр дүнг танилцуулна.
Голландын Аюулгүй байдлын зөвлөлийн дарга Тьиббе Йустра “МН-17”-гийн ослын шалтгааныг мөрдөн шалгах ажлын эцсийн тайланг тус улсын агаарын цэргийн хүчний Гилзе-Рейн баазад танилцуулж, бараг 15 сар үргэлжилсэн ажлаа дүгнэнэ. Уг баримт бичиг дөрвөн гол асуултад хариу өгөх ёстой юм. Эдгээрийн хамгийн чухал нь ослын шалтгаан буюу Нидерландаас Малайз руу нисч байсан онгоцыг чухам юу сүйрэхэд хүргэсэн бэ гэдэг асуулт юм. Тайланд мөн мөргөлдөөний бүсийн дээгүүр нислэг үйлдэх тухай шийдвэртэй холбоотой дүгнэлт байгаа аж. Үүнээс гадна, ослын улмаас амиа алдсан зорчигчдын ар гэрийнхэн төрөл төрөгсөд нь “Boeing”-ийн бүхээгт байгаа эсэх талаар Голландын эрх баригчдаас мэдээлэл авахад яагаад 2-4 хоног хүлээх хэрэгтэй болсны хариултыг өгөх юм. Эцэст нь мөн онгоцонд сууж явсан зорчигчид онгоц осолдох гэж байгааг ямар түвшинд мэдсэн бэ гэдэг асуултын хариуг өгнө.
Нидерландын Аюулгүй байдлын зөвлөл “Boeing”-ийн ослын шалтгааныг мөрдөн шалгах ажлын урьдчилсан тайланг мэргэжилтнүүд үзэх боломжтой мэдээллийн үндсэн дээр 2014 оны есдүгээр сарын 9-нд нийтэлсэн билээ. “Асар их хэмжээний цэнэгтэй хэсгүүд туссаны улмаас онгоц агаарт дэлбэрч хэдэн хэсэг болсныг” уг баримт цохон тэмдэглэсэн. Үүнээс өөр ослын шалтгааны талаар тодорхой дурдаагүй юм.
Амстердамаас Куала-Лумпурын чиглэлд “MH17” дугаар нислэгийг үйлдэж байсан “Малайзын агаарын тээвэр” компанийн зорчигч тээврийн “Boeing-777” онгоц 2014 оны долдугаар сарын 17-нд Донецк мужид осолдсон билээ. Эмгэнэлт явдлын улмаас онгоцонд сууж явсан 298 хүн бүгд амиа алдсан юм.
Д.Жаргал