Цаг хүндрэхээс урьтаж малчид малаа хямд борлуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-11-22 10:41:25

Завханы Тэс, Баянтэс, Баянхайрхан, Сонгино сумдад цас их хэмжээгээр орж  өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа тул эдгээр сумдын малчид малаа хямд борлуулж эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар сумын хэмжээгээр 10000 гаруй хонь, 20000 орчим ямаа, 400 адуу, 500 үхэр зах зээлд зарж борлуулах хэрэгцээ байна. Үхэр 350 мянга, хонь 50-60 мянга, ямаа 40 мянга, адуу 400 мянга гээд малчид зах зээлийн үнээс хямд борлуулах шаардлагатай байгааг албаныханд хэлжээ. Өнгөрсөн өвөл тус сумд мөн л цаг хүндэрч байсан. Тиймээс энэ жил өвөлжилт хүндрэхээс өмнө малаа зарж борлуулах сонирхолтой малчид их байна.

Ялангуяа суманд хилийн зурвас бүс нутагт өвөлжөө, хаваржаа нь байрладаг 30 гаруй малчин өрх цаг зутруу үеэс өмнө малаа зах зээлийн эргэлтэнд оруулж бэлэн мөнгө болгох сонирхолтой байгаа гэнэ. Энэ жил хилийн зурвас бүс нутагт 19 өрхийн 17000 толгой мал өвөлжихөөр байна. Малчид цаг агаарын байдал хүндэрч байгаатай холбогдуулан малаа нядалж зарж борлуулах, бэлэн мөнгөтэй болж өвс тэжээл нэмж авах шаардлагатай болжээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ